Баялаг бүтээгчид чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 15:52:28

Увс аймгийн баялаг бүтээгчдийн анхдугаар зөвлөлгөөн өнгөрсөн баасан гарагт “Ойрад” театрт болж өнгөрлөө.

Монголын баялаг бүтээгчдийн холбоо, “Масс” агентлаг, Увс аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан энэхүү анхдугаар зөвлөлгөөнд Увс аймгийн 19 сумын үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл болсон 350 гаруй хүн хамрагдсан юм. Энэ үеэр Увсын баялаг бүтээгчид маань өөрсдийн өмнө тулгамдаж байгаа бэрхшээл хийгээд түүнээс гарах арга зам, давуу талын талаар ярилцлаа.

Мал, махны ханш унасан, газар тариалан ганд нэрвэгдсэн, бараа бүтээгдэхүүний борлуулалт буурсан энэ цаг үед төвөөс алслагдмал хязгаар нутгийн баялаг бүтээгчид маань бэрхшээл тоочиж хойш нь суулгүй чадах хэрдээ үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулсаар байна гэдгээ ам бардам хэлж байсан. Гэхдээ төр засаг болоод аймаг орон нутгийн зүгээс тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж, зохицуулалт хийж өгвөл үйлдвэрлэл үйлчилгээ илүү эрчимтэй хөгжих боломжтой гэж байв.

Тэрчлэн баялаг бүтээгчдийн анхдугаар зөвлөлгөөнөөр эдийн засагт нүүрлээд байгаа хямралыг хамтдаа хэрхэн даван туулах, гадагшаа урсаад байгаа мөнгөний урсгалыг дотооддоо хэрхэн барих талаар оролцогчид нухацтай ярилцаж байсан.

Баялаг бүтээгчдийн анхдугаар зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн үг хэлснээс гадна “Тэсо” корпорацийн захирал О.Цогтгэрэл урилгаар оролцож компанийхаа хөгжил дэвшлийн талаар сонирхолтой мэдээлэл хийсэн юм.

“Увсын ард түмэн бүгдээрээ хөдөлмөрч, бүтээлч, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг, аж ахуйч хүмүүс учраас энэхүү зөвлөлгөөнд маш идэвхтэй оролцож байна. Бид энд ажиллах хугацаандаа хоёр гутлын үйлдвэрээр орлоо, бас талх нарийн боовны үйлдвэрүүдтэй танилцсан. Нийтдээ 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй томоохон баг танай аймагт ажиллаж, баялаг бүтээгчидтэй уулзаж байна” хэмээн Монголын баялаг бүтээгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Удвалцэцэг онцоллоо.

   Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ