Өнөөдрөөс гурван төрлийн татвар нэмэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-07-01 12:17:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- ийн хүрээнд Засгийн газраас долоон төрлийн татвар нэмэх шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдрөөс автобензин, шатахууны онцгой албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл дэх тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлөлт, цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр ажиллах автомашины татвар  гээд гурван төрлийн татвар нэмэгдэхээр болж байна.

Тухайлбал “Приус” автомашины татвар тэглэлтийн хугацаа дуусч, 50 хувиар төлөхөөр болж байгаа юм. “Приус” автомашины татварын асуудлаар Засгийн газар УИХ-д санал  оруулснаар хоёр сарын хугацаанд татвар нэмэхгүй байхаар шийдвэрлэсэн. Тэгвэл энэ хугацаа өнөөдөр  дуусгавар болж байна. Тодруулбал түр тэглээд байсан гаалийн онцгой албан татвар өнөөдрөөс эхлэн нэмэгдсэн шатлалаар тооцогдох аж. УИХ-аас гаргасан шийдвэрийн хүрээнд өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс хойш Гаалийн онцгой албан татварт төлөөд байсан 691 сая төгрөгийг  цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин импортлогчдод эргүүлэн олгосон.

Харин автобензин, шатахууны онцгой албан татварын тухайд гурван удаагийн хөнгөлөлтийг  долдугаар сарын 1,  10 дугаар сарын нэгэнд хоёр хувилбараар хүчингүй болгохоор төсвийн тухай хуулинд тусгасан. Өөрөөр хэлбэл шатахууны онцгой албан татварыг 2016 оны түвшинд хүргэн нэмэгдүүлэх юм. Үүнийг энэ оны 10 дугаар сарын 1-нээс дахин нэмэхээр хуульчилсан юм.

Түүнчлэн Нийгмийн даатгалын шимтгэл дэх хувь хэмжээ буюу тэтгэврийн даатгалын шимтгэлийг өнөөдрөөс эхлэн 10 хувь болгох юм.

Хуулинд тусгаснаар тэтгэврийн даатгалын шимтгэл 2018 онд 11.0 хувь, 2019 онд 11.5 хувь, 2020 онд 12.5 хувь байх юм. Тодруулбал сайн дурын нийгмийн даатгалын хэмжээ өнөөдрөөс  14 хувь болох бол 2018 онд 15 хувь, 2019 онд 15.5 хувь, 2020 онд 17 хувьд хүргэх аж.

Ажилтан, ажил олгогч нарын төлдөг шимтгэлийн хэмжээ өнөөгийн түвшнээс 2020 он гэхэд 5 хувиар өсч, тус бүр 2.5 хувийн татвар нэмж төлөх юм. Улмаар нийгмийн даатгалын шимтгэл дэх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмснээр  иргэд ирээдүйд авах тэтгэврийн даатгалын сандаа илүү мөнгө төлж эхэлнэ гэж тооцжээ. Долдугаар сарын 1-нээс өмнө иргэд нийгмийн даатгалын шимтгэл дэх тэтгэврийн даатгалын шимтгэлд 7 хувийг төлж байв.

Энэ талаар иргэдийн яриаг хүргэе.



СХД-ийн иргэн Б.Баянтуул:

-Бензин, шатахууны татвар нэмэгдсэнээр жирийн иргэдэд хүндрэл нь ирнэ. Бидний авч байгаа цалин хөлс хэд билээ. Миний үеийн залуусын 90 хувь нь байрны зээлтэй. Тэгэхээр татварын дарамт нэлээн  тусна. Наад зах нь унаж байгаа автомашины шатахууны үнэ өснө. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь гарцаагүй. Намрын намарт үнийн хөөрөгдөл үүсдэг. Тиймээс хугацаан дээрээ бодолцож шийдвэр гаргах ёстой байсан юм болов уу. Эцэст нь хэлэхэд Монгол Улс импортлогч бус үйлдвэрлэгч орон болохын төлөө тууштай бодлого гаргаж үүндээ хүрэхийн төлөө ажилламаар байна.



БГД-ийн иргэн Б.Гантулга:

-Баяр наадмын үеэр  иргэд автомашин их худалдан авдаг. Хүн амын дийлэнхийн хэрэглээ бол шатахуун бага иддэг  “Приус” автомашин юм. Ард түмний чадамж нь л энэ. Гэтэл  заавал цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр ажиллах автомашины татвар нэмж буйг ойлгохгүй байгаа. Хамгийн их худалдан авалттай автомашины  татвар  нэмэх сургаар аль хэдийн үнийг хөөрөгдсөн. Бодитоор татвар нэмчихээр бүр л өснө гэсэн үг. Эргээд энэ нь жирийн иргэд бидэнд  нөлөөлнө.  Тиймээс аливаа шийдвэр гаргахдаа олонхийн хэрэглээ, хүсэл зорилгод тулгуурлах хэрэгтэй.



СХД-ийн иргэн Ж.Долгор:

-Би багшилж байгаад насандаа суусан. Авдаг хэдээс минь татвар авахаар одоо хүрэхгүй байгаа тэтгэврийн хэдэн төгрөг бүр хүрэлцэхгүй болох юм байна. Их тэтгэвэр авахуулах гэж гаргасан гэх энэ шийдвэр маньд биш залуучуудад л хэргээ гаргах байх. Аливаа шийдвэр гаргахдаа судалгаатай иргэдийнхээ саналыг авч, хэлэлцэж байж амьдралд  сөргөөр нөлөөлөхгүй байхаар  асуудлыг шийдмээр байна.


 

   Б.Заяа
Холбоотой мэдээ