Их, дээд сургуулиудын элсэлт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunzaya@montsame.mn
2017-07-01 14:04:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Элсэлтийн Ерөнхий шалгалтын хариу оноо гарч, өнөөдрөөс  их, дээд сургуулийн элсэлт эхэлж байна.  Шалгалтын оноо гарснаар элсэгчид онлайнаар элсэх сургуульдаа бүртгүүлэх боломж бүрдэж буй юм.

Их, дээд сургуулиуд энэ жил 300 орчим мэргэжлээр их, дээд сургуулиуд элсэлт авах бөгөө ЭЕШ-ыг  40387 суралцагч өгчээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан журмын дагуу их, дээд сургуульд элсэгчдийн босго оноо 400 онооноос дээш байх юм.

Тодруулбал МУИС-ийн бүртгэлийн хугацаа зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Тус сургуулийн бүртгэлийн хураамж 9000 төгрөг бөгөөд орон нутаг дахь салбарынх 1000 төгрөг аж. МУИС-д элсэхийг хүсэгчид  http://www.burtgel.num.edu.mn хаягаар бүртгүүлэх юм.

Харин МУБИС-ийн хувьд бүртгэх хугацаа өнөөдрөөс эхлэн долдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд бүртгэлийн хураамж 15000 төгрөг юм.  Тус сургуульд элсэх сурагчид онлайнаар  буюу http://burtgel.surgalt.mn/ хаягаар  болон төв сургууль дээр биечлэн очиж бүртгүүлэх боломжтой.

Түүнчлэн нийслэлээс ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид өнөөдрийн 10.00 цагаас эхлэн  http://www.elselt.edu.mn/ вэб хаягаар орж бүртгүүлж байна.

Тэгвэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн бүртгэл долдугаар сарын 3-5-ны өдрийн 13.00 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн хэллээ.  Тус сургуулийн бүртгэлийн хураамж 8000 төгрөг бөгөөд http://www.burtgel.mnums.edu.mn/ хаягаар бүртгүүлэх аж.  Харин аймаг орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум зохион байгуулна.
 
Б.Заяа
Холбоотой мэдээ