Монгол Улс Иран руу 4000 тонн хонины мах экспортлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-07-01 14:38:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Мах, сүүний анхдугаар аян"-ы  хүрээнд манай улс  Иран руу хонины мах экспортолж эхэллээ. “Eco food trading” ХХК,  “Darkhan meat foods” ХХК-иуд хамтран  Иран улс руу 4000 тонн мах экспортлох   гэрээ байгуулснаар өчигдөр эхний ачилтаа хийв.

 Иран улсад нийлүүлэх эхний ээлжийн ачилтад 4000 тонн буюу 250 мянган хонины мах бэлтгэн нийлүүлж буй юм.

 Манай улсын мал сүргийн бүтэц, эргэлтийн тооцоогоор  жилд дунджаар 5 сая толгой бог мал буюу 100 гаруй мянган тонн мах бэлтгэж экспортлох боломжтой аж. Энэхүү боломжийг бүрэн ашиглаж чадвал дэлхийн зах зээлд монгол махны чанарыг таниулж, үнэлэмж нэмэгдэхээс гадна  малчид болон манай улсын  эдийн засагт  ихээхэн үр өгөөж авчирна гэдгийг салбарын сайд тодотгож байна.

Исламын Бүгд Найрамдах Иран Улсад монгол хонины махыг экспортлосноор махны экспортын зах зээлийг өргөтгөж, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах чухал ач холбогдолтой юм. Малчдын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мах боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, экспортын орлогыг нэмэгдүүлнэ гэдгийг  “Eco food trading” ХХК,  “Darkhan meat foods” ХХК-ийн удирдлагууд онцлов.

“Darkhan meat foods” үйлдвэр нь нэг ээлжинд 1500 бог мал, 350 бод мал нядлах,  өдөрт 20 тонн махыг ангилж савлах хүчин чадалтай аж. Импортлогчийн захиалгын дагуу хонины махыг  Ираны зах зээлийн стандартад нийцүүлэн бэлтгэн савлажээ.

 
 Б.Заяа
Холбоотой мэдээ