Катар арабын орнуудын шаардлагыг хүлээж авахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-02 10:11:22
МОСКВА./TASS/. Катарын эрх баригчид арабын орнууд тус улстай тасалсан харилцаагаа сэргээхийн тулд тавьсан шаардлагуудыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаа хэдий ч яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ажээ. Энэ тухай бямба гарагт Катарын Гадаад хэргийн сайд Мухаммед бен Абдель Рахман Аль Тани мэдэгдсэнийг Al Jazeera телевиз иш татан мэдээллээ.

“Бид шаардлагуудын жагсаалтыг хүлээж авах боломжгүй, гэхдээ зохих нөхцөлд манай улс яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Катар улс бүр анхнаасаа л тусгаар тогтнолыг нь хөндсөн алхмыг хийхгүй гэдгээ тов тодорхой ойлгуулсан. Тулган шаардалтын хугацаа дууссаны дараа гарах аливаа сөрөг үр дагавраас бид айхгүй, сөрөн давахад бэлэн байна” гэж тэрбээр хэлжээ.

Үүний зэрэгцээгээр, Катарын сайд тус улсад бүслэлт хийж буй Арабын орнуудаас ялгаатай нь гэвэл Доха бүтээлч байр суурийг баримталж байгаа гэдгийг онцлон тэмдэглэжээ. Түүний үзэж байгаагаар, Саудын Арави, Арабын нэгдсэн Эмирт улс, Бахрейн “хямралыг шийдэх харилцан зөвшилцсөн механизмыг тусгалгүйгээр Катарын эсрэг арга хэмжээ авсан” аж. Дипломатчийн хэлснээр, Арабын улсуудын хямралаас гарахын тулд Катарт тавьсан шаардлагууд нь Катар улсад хяналтаа тогтооход чиглэгдсэн санаархал ба энэ нь олон улсын эрх зүйд харшилж байгаа ажээ.

Мөн Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл, Арабын орнуудын лиг нь хямралыг шийдвэрлэхэд ямар ч үүрэг гүйцэтгэхгүй гэдгийг сайд дурдаад харин Орос улс хямралыг шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэж байгаа гэжээ. “ОХУ Персийн булангийн орнуудад яриа хэлэлцээ хийх, байдлыг хурцатгахгүй байхыг уриалж байгаа” аж.

Гадаад хэргийн сайд хөрш орнуудынхаа шаардлагуудын талаар ярихдаа Доха-д үйл ажиллагаагаа явуулдаг Al Jazeera телевизийг хаах, Ирантай харилцаагаа багасгах, эсвэл Турктэй цэргийн салбарт хамтран ажиллахаас татгалзах асуудлыг Катар улс авч хэлэлцэхгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Мөн тэрбээр Арабын орнууд Доха-г террорист бүлэглэлүүдийг дэмждэг гэж байгаа нь цаанаа үндэслэлгүй зүйл, учир нь Катар улс терроризмтой тэмцэхэд зохих үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг тооцох хэрэгтэй гэжээ. .
О.Барс

Холбоотой мэдээ