Шилдэг бүтээлтэй 10 залуу эрдэмтэн тэтгэлэг гардлаа
МОНГОЛЫН МЭДЭЭБСШУЯ-ны “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох” журмын дагуу 2015 онд шалгарсан судалгааны тэтгэлгийг 10 шилдэг залуу эрдэмтэнд БСШУ-ы сайд Л.Гантөмөр өнөөдөр гардуулан эрдмийн ажилд нь амжилт хүсч, баяр хүргэв.
Энэхүү 10 сая төгрөгийн тэтгэлгийг эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион бүтээх ажлаараа инновацид чиглэсэн төсөл бичиж шалгарсан залуу эрдэмтдийн судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инноваци болгох, эрдэмтдийн залуу халааг бэлтгэх зорилгоор зохион байгуулдаг. Улмаар тус тэтгэлэг нь залуу эрдэмтдийн судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг эхлүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэдэг юм.
Энэ жилийн залуу эрдэмтний тэтгэлгийг Э.Занабазар /МУБИС/, Т.Аззаяа /ШУА, Хими, хими-технологийн хүрээлэн/, М.Одсүрэн /МУИС/, Б.Амарсанаа / ШУА, Хими, хими-технологийн хүрээлэн/, Н.Нарацогт /МУБИС/, М.Нарангэрэл /ХААИС/, П.Насанжаргал /АРМОНО нэгдэл/, Г.Чулуунаа /МУБИС/, Ц.Билэгтсайхан /АШУҮИС/, Т.Болормаа /ЭХЭМҮТ/ нар докторын дараах судалгаа бүтээлээрээ хүртэж байна.
Тэтгэлгийг хүртсэн залуу эрдэмтэн, доктор Энхбаатарын Занабазар нь МУБИС-ийн молекул биологи-генетикийн багшаар ажиллахын зэрэгцээ Америк-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай Женедрэйбэй /Genedrabio/ биотехнологийн компанид хүний удамшлын мэдээллийн кодыг цогц аргаар /некст женейришн/ буюу ирээдүйн аргаар, хямд төсөр зардлаар бүхлээр нь тайлах зорилготой эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг байна. Түүний тэтгэлэг авч буй эрдмийн ажил нь лабораторийн эукариот эсийн өсгөвөр дэх микоплазм бактерийн бохирдлыг богино хугацаанд зардал багатай илрүүлэх ПГУ оношлуур бэлтгэх эрдэм шинжилгээний судалгаанд зориулах юм.
Тэгвэл Хими, хими- технологийн хүрээлээнгийн залуу эрдэмтэн, доктор Т.Аззаяа нь “Хаягдал усны биологийн цэвэрлэгээний үед ялгарах хүлэмжийн хий-азотлог исэл /N2O/-ийн үүсэх, задрах механизмыг тодорхойлох судалгааны ажилдаа энэхүү тэтгэлгийг хүртэж байна. Энэ мэт олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг хэрэгжүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан бүтээлүүдийг ийнхүү үнэлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэн урамшуулж байгаа гэдгээрээ тус инновацийн тэтгэлэгийн онцлог оршдог.
Д.Өлзий