Ц.Элбэгдорж: "Их Монгол" сан эрдэмтэн судлаачдаа дэмжиж ажиллах болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-04 15:29:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, ОХУ-ын Эрмитаж музей хамтран эрхлэн гаргасан "Эрмитаж дахь Ноён уулын эрдэнэс", Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин, доктор, профессор,  түүхч О.Нямдаваагийн судалж эмхэтгэсэн "Иран дахь монгол өв соёл" номын нээлтийн ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Тус ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, номын зохиогчид болон эрдэмтэн судлаачид оролцов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр хэлсэн үгэндээ, "Ерөнхийлөгчийн албан тушаалаа отголж байгаа энэ өдрүүдэд дээрх хоёр номын нээлтийн арга хэмжээ болж байна. Миний хувьд "Их Монгол" сан байгуулсан. Энэ сангийнхаа хүрээнд түүх соёлын салбарын эрдэмтэн судлаачдыг дэмжиж ажиллана" гэв.  

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны тавдугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Санкт-Петербург хот дахь Эрмитаж музейд зочилж, Ерөнхийлөгч Д.А.Медведевтэй эл музейд хадгалагдаж байгаа Монголын түүх, соёлын дурсгалт эд зүйлсийг харуулсан, ялангуяа 1923-1926 онд Монгол Улсад ажилласан П.К.Козловын хээрийн шинжилгээний ангийн малтаж илрүүлсэн Ноён уулын дурсгалуудыг судлан шинжлэх, тусгайлсан зургийн цомог гаргахаар тохиролцсон юм. Энэхүү тохиролцоог хэрэгжүүлэх ажил сүүлийн 5 жил үргэлжилж, дурсгалуудыг амжилттай судалснаар "Эрмитаж дахь Ноён уулын эрдэнэс" бүтээлийг ийнхүү өнөөдөр олны хүртээл болгов. Уг цомогт 2900 гаруй олдворыг багтаасан байна.



Мөн 2012 оны 9 дүгээр сард Исламын Бүгд Найрамдах Иран улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ярилцаж тохиролцсоны дагуу Монгол Улс болон Исламын Бүгд Найрамдах Иран улсын хооронд 2013 оны 12 дугаар сарын 5-нд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичигт тусгасан ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол, Ираны талын хамтарсан судалгааны хүрээнд "Иран дахь монгол өв соёл" хэмээх нэг сэдэвт бүтээлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр хүртээл болгожээ. Уг бүтээл нь Ил хаант улсын зоос, уран барилга, шашны талаар авч хэрэгжүүлсэн бодлого, исламын ертөнцөд үзүүлсэн монгол хаадын нөлөө, үлдээсэн өв соёлын тухай өгүүлжээ.

Эдгээр бүтээл нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан айлчлалын үеэр хоёр талын харилцан тохиролцсоны дагуу Ерөнхийлөгчийн 2013-2017 онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн "Хилийн чанад дахь Монголын түүхтэй холбоотой баримтыг судлан бүртгэж, каталоги гаргах" зорилтын хүрээнд хэрэгжсэн ажил аж.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ