Могойд хатгуулах тохиолдол ихсэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-04 17:56:23
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дөрвөн сараас хойш могойд хатгуулсан тохиолдол аймгийн хэмжээнд хэд хэд бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад өсөх хандлагатай байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Могойд хатгуулсан иргэдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд байгаа юм. Тиймээс эцэг эхчүүдийг хөдөө явахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулав.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт могойд хатгуулсан гэж бүртгэгдсэн иргэдийн ихэнх нь бага насны бүр тодруулбал, 10 сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүд могойд хатгуулах нь элбэг байгаа ажээ.
“Хавраас хойш могойд хатгууллаа гэж ирсэн тохиолдол хэд хэд бий. Бид тухайн үед шаардлагатай арга хэмжээ авч, эмчилгээ хийсэн. Өвчтөнүүдийн биеийн байдал харьцангуй тогтворжсон. Дахин сэдэрч, бие тавгүйрхлээ гэсэн тохиолдол гараагүй байна. Ер нь бага насны хүүхдүүд могойд хатгуулах нь элбэг байна. Хүүхдүүд могойг сонирхохдоо ойртож харах, барьж үзэх зэргээр оролдож байгаад хатгуулчихдаг. Тиймээс хөдөө явахдаа эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, ил задгай хувцаслахгүй байх хэрэгтэй...” хэмээн АНЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Ариунцэцэг хэллээ.

Могойд хатгуулсан хүүхдүүдийн хувьд Баруун-Урт, Мөнххаан, Уулбаян, Онгон зэрэг сумдаас хүргэгдэж иржээ.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ