Зоонозын өвчний тулгамдсан асуудлын талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-07-05 17:52:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗӨСҮТ-өөс  хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг энэ удаагийн “Зоонозын өвчнүүдийн тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний 22 дугаар хурал ЭМЯ-нд боллоо.

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, “Зоонозын халдвар нэг улсын төдийгүй бүс нутгийн, улмаар дэлхийн нийтийн асуудал болсон энэ үед зоонозын халдварын тулгамдсан асуудлаар олон орны эрдэмтэн судлаачид, түүний дотор манай мөнхийн хөрш ОХУ, БНХАУ-ын  судлаачид оролцон мэдлэг туршлагаа хуваалцаж буйд ЭМС-ын хувьд туйлын талархалтай байна. Гадны 10 гаруй эрдэмтэн судлаач оролцож байгаа нь энэ хурлын ач холбогдол улам өндөр болгож байна. Энэ хурлаас сайхан үр дүн хүлээж байгаа бөгөөд тулгамдаж буй асуудлаар та бүхний гаргасан шийдвэрийг иелүүлэх болно” гэв.

Энэхүү хурлаар “Баянзүрх дүүрэгт хийсэн эзэнтэй ба золбин нохойн тооллого, нохойгоор дамжих зоонозын өвчний тандалт судалгааны дүн”, “Орос, Монголын нутагт тархсан иксод хачгийн төрөл зүйлд үзүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл”, “Казахстан улсын өмнөд хэсэгт бүртгэгдсэн хачигт энцефалитын хүний өвчлөл”, “Дундговь аймагт хийгдсэн хачгаар дамжих халдварын тандалт  судалгааны дүн”, “Алмат орчим бүс нутаг нь  хачигт риккетсиозын зүйлүүдийн Казахстан дахь хамгийн их холилдсон хэсэг болж байна”, “Говь-Алтай аймгийн Цогт сумын D.nuttali хачгинд зарим зооноз өвчний шинжилгээ хийсэн дүн”, “Монгол-Хятадын хил орчмын нутгийн хачиг ба мэрэгчийн дамжуулагчаар дамжих халдварт өвчний халдварлалт, Хятад-Монголын хамтарсан тандалт судалгааны үр дүн” зэрэг судалгаа, шинжилгээний дүнг хэлэлцүүлэв.

Хурлын үр дүнд зоонозын халдварт өвчнүүдийн тархвар судлал, молекул биологи, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, харилцан туршлага солилцохын зэрэгцээ зоонозын халдварт өвчний эрдэм шинжилгээний ажлууд, сүүлийн үеийн ололт амжилтыг харилцан мэдээллэх юм.

Тус хуралд салбар хоорондын хамтын ажиллагааны байгууллагууд болон тус төвтэй хамтын ажиллагаа бүхий улс орнуудын төлөөлөл ОХУ, БНХАУ, Казахстан, ХБНГУ зэрэг улсын эрдэмтэн судлаачид оролцов.

Ж.Болор
 
Холбоотой мэдээ