Хөвсгөлийн Засаг дарга Л.Ганболд баярын мэндчилгээ дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-07-11 13:37:04
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Тусгаар тогтносон Монгол орныхоо үзэсгэлэнт хойморт тухлан, туждаа гэрэлтэх наран дор хотол олноороо жарган суугаа хийморь золбоот Хөвсгөлчүүдэд Засаг дарга Л.Ганболд мэндчилгээ дэвшүүллээ.
 Мэндчилгээнд “Наадамчин олон та бүхэндээ Ардын хувьсгалын 96 жил, аймаг байгуулагдсаны 86 жилийн ой, үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж, энх мэндийн хадаг дэлгэн мэндчилье. Хурмаст тэнгэр хураан хайрлаж, газар дэлхий өнгөө засан, хүний сэтгэл, малын зоо тэнийсэн дэлгэр зуны эхэн сарын шинийн 22-нд Хөвсгөл нутгаас маань тодорсон Дарба бандида гэгээнтнийхээ долдугаар дүрийн хувилгааныг арслан ширээнд нь залж, аймгийнхаа бурхан шашны тэргүүнээр өргөмжлөх ёслолыг сүсэгтэн олон, ард иргэдийнхээ дэмжлэгтэйгээр ёслол төгөлдөр зохион байгууллаа. Аймгийн баяр наадмаа бүтээн байгуулалтаар угтаж, Хөвсгөл нуурынхаа зүүн эргийг цахилгаан дамжуулах агаарын шугаманд холбож, байнгын гэрэл цахилгаантай болж аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх таатай боломж бүрдлээ. Мөн олон сумдад бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд эрчимтэй хийгдэж байна Тухайлбал Их-Уул суманд өдөрт 1500 л сүү боловсруулах хуурай сүүний үйлдвэр ашиглалтад орлоо. Эрүүл мэндийн салбарт Гемодиализийн эмчилгээний тасгийг байгуулж хурц болон архаг бөөрний дутагдалтай хүмүүст бөөр орлуулах эмчилгээ хийх боломж бүрдсэн, Боловсролын салбарт элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст онооны дундаж хувь өсч, улсад эхний 8-д орсон, Улсын төрөлжсөн хичээлийн олимпиадад түүхэндээ хамгийн олон буюу 21 багш, сурагч алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн, Мал аж ахуйн салбарт бэлчээр ашиглалтыг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний үнийг өсгөх, малыг эрүүлжүүлэх зорилгоор “Ногоон алт, малын эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлж эхэлсэн зэрэг олон бүтээн байгуулалт, бүтээлч ажлуудыг өрнүүлсэн амжилттайгаар баяр наадмаа угтаж байна. Хосгүй үзэсгэлэнт хоймор нутгийн эзэд Хөвсгөлчүүд, Наадамчин олон та бүхэн Монгол наадамдаа бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн түмэн олноороо сэтгэл тэнүүн, түвшин сайхан наадаарай” гэжээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ