Дөрвөн насны морьдын түрүүг нэг хүн авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Үндэсний их баяр наадам, Увс аймаг байгуулагдсаны түүхт 92 жилийн ойн баяр наадам сайхан болж өнгөрлөө. Уг наадмын дөрвөн насны хурдан морьдын түрүүг буюу даага, шүдлэн, хязаалан, соёолон насны морьдын түрүүг Увс аймгийн Зүүнговь сумын харъяат, “Ундарга-Увс” компанийн захирал, аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Норовсамбуу авлаа. Б.Норовсамбуу уяачийн аав З.Дамдинсүрэн гуай насаараа морь уясан, аймгийн алдарт уяач хүн бөгөөд түүний уясан морьд аймаг, сумын наадамд байнга өнгөлж байдаг юм. Өмнө нь Увс аймгийн баяр наадмын хурдан морьдын уралдааны дөрвөн насны түрүүг нэг хүн ганцаараа авч байсан тохиолдол гарч байгаагүй юм. Б.Норовсамбуу уяач аавынхаа унаган адуунд цус сэлбэж, Сүхбаатар аймгаас хурдан удмын морьд авч ирсэн нь ийнхүү үр дүнгээ өгч эхэлсэн байна. Аймгийн баяр наадмын их насны морьдын уралдаанд Зүүнговь сумын Балдоржийн хонгор, азарганд Хяргас сумын Мэндбаярын бор давхилаа байна.
Б.Замбал