Р.Эрдоган улс орноо хамгаалагчдад хандан үг хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-07-16 15:38:44
АНКАРА. /BBC/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос хойш нэг жил өнгөрч байгаатай холбогдуулан Истанбул хотын олон арван мянган иргэдэд хандан үг хэлжээ.
 
Тэрбээр хэлэхдээ “тэр шөнө хүмүүс гартаа буу барилгүйгээр төрийн далбаагаа намируулан, итгэл үнэмшлээ тээж байсныг нь онцлон дурдах хэрэгтэй” гэж хэлээд төрийн эргэлт хийх гэсэн оролдлогод оролцсон хүмүүст цаазаар авах ял оноохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Эрдоганы бодлоор "тэд Гуантанамо шоронд хоригдогсдынхтой адил хувцас өмсөх ёстой" ажээ.
 
Өнгөрсөн оны 7 дугаар сарын 15-нд болсон төрийн эргэлт хийх оролдлогын үеэр 250 хүн амиа алдаж, 2 196 хүн шархадсан билээ.  
 
Уг үйл явдлын дараа Туркийн засгийн газар 150 мянга гаруй төрийн албаны ажилтныг ажлаас халсан юм. 
Хүмүүсийг бөөнөөр нь ажлаас нь халж, 50 мянга гаруй хүнийг баривчилсан явдал нь өөр үзэл бодолтой хүмүүсийг цэвэрлэн зайлуулж буйн нэг хэлбэр гэж шүүмжлэгчид үзэж байна.

Ерөнхийлөгч Эрдоган Босфорын хоолойн гүүрэн дээр цугларсан олон арван мянган туркчүүдэд хандан хэлэхдээ "эх орноо хамгаалсан" бүх хүмүүст талархал илэрхийлээд "250 хүнээ алдсан ч гэсэн та бүхэн өөрсдийнхөө ирээдүйг авч үлдэж чадсан шүү” гэжээ.
Х.Сарнай 
 
Холбоотой мэдээ