Нийт сумын удирдлагууд оролцсон шуурхай зөвлөлгөөн хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-17 12:51:45
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт гандуу зун болж, хуурайшилт ихсэж байна. Цаг агаарын энэ байдал даамжирвал өвөлжилт хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас Байгаль цаг уурын өнөөгийн байдал, цаашдын төлөв байдлын талаар шуурхай зөвлөлгөөнийг энэ сарын 18-ний өдрийн 10:00 цагт зохион байгуулахаар боллоо.

Тус шуурхай зөвлөлгөөнд Баянхонгор аймгийн 20 сумын удирдлага, аймгийн ХХААГ, БОАЖГ, ОБГ болон малчид оролцоно. Цаашид өвөлжилт хүндэрвэл хэрхэх тал дээр зөвлөлдөж ямар арга хэмжээ авах талаар нэгдсэн шийдвэрт хүрэхэд энэ удаагийн зөвлөлгөөн чиглэжээ. Мөн энэ үеэр ирэх өвлийн бэлтгэл ажлыг хангуулахаар холбогдох байгууллагуудад чиглэл өгөх аж.

Мөн Засаг дарга Г.Батжаргал болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж зэргэлдээ Архангай, Өвөрхангай зэрэг аймагт малчдыг отор нүүдэл хийлгүүлэх талаар яриа хэлцлийг хийхээр төлөвлөжээ.

                                                                                                                 Б.Мөнхзул


Холбоотой мэдээ