Оросын өмчийн харшуудыг эргүүлэн өгөхийг АНУ-аас шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-07-18 10:00:27
МОСКВА. /BBC/. Өнгөрсөн онд АНУ-д хураагдсан Орос улсын дипломат байгууллагын өмч болох хоёр байгууламжийг эргүүлэн өгөхийг Оросын тал АНУ-аас шаардаж, шахалт үзүүлсээр байна.

Талуудын хооронд болсон дээд түвшний яриа хэлэлцээний дараа уг хэлэлцээнд оролцсон Оросын нэгэн албан тушаалтны хэлснээр, уг маргааныг бараг шийдвэрлээд байгаа аж.

Харшуудыг хураан авсан явдалд оросууд маш ихээр дургүйцсэн бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров үүнийг “гэгээн цагаан өдрөөр хийсэн дээрэм” гэж тодорхойлжээ.

12 дугаар сард АНУ-ын эрх баригчид "АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон" гэж үзээд Оросын 35 дипломат ажилтныг нутгаасаа албадан гаргасан билээ.

Өнгөрсөн даваа гарагт Вашингтон хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Томас Шеннон болон ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков нар хэлэлцээ хийжээ. Америкийн дипломатчтай гурван цаг ярилцсаныхаа дараа ноён С.Рябков ихэд сэтгэл хангалуун байдалтай харагдсан байна. Харшуудын талаарх маргааныг шийдвэрлэсэн эсэх талаар сурвалжлагчид асуухад тэрбээр “бараг л шийдвэрчихлээ” гэж хариулжээ.

Харин АНУ-ын албаны хүмүүс энэ талаар ямар нэгэн тайлбар өгсөнгүй.
Х.Сарнай 
 

Холбоотой мэдээ