Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар 75 жилийн ойгоо тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-18 12:58:25
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 75 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тус хамт олон түүхэн ойн баяраа өнөөдөр тэмдэглэж байгаа бөгөөд их жанжин Д. Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолоор баярын арга хэмжээгээ эхлүүллээ. Цэцэг өргөх ёслолд аймаг орон нутгийн удирдлагууд болон цагдаагийн байгууллагын үе үеийн алба хаагчид оролцлоо.

Аймгийн засаг дарга З.Энхтөр цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд баяр хүргэн дэвшүүлсэн мэндчилгээндээ “Төрийнхөө түшиг тулгуур болж, ард иргэдийн амар тайванэ байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн нийт хамт олонд түүхт 75 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалиайгаа уялдаад гэмт хэргийн гаралтын тоо өсөж, гэмт хэргийн арга нарийсаж байгаа энэ цаг үед шинэ техник технологийг ажилдаа нэвтрүүлэх, эзэмших шаардлага зайлшгүй та бүхний өмнө тулгарч байгаа. Тиймээс аймаг орон нутгийн удихдлагын зүгээс, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд цагдаагийн байгууллагынхаа материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг сургаж чадавхжуулах гээд бүхий л талаар нь дэмжин ажиллах болно. Энэ чиглэлээр тодорхой ажлууд хийгдээд эхэлсэн, ойрын хугацаанд хийгдэхээр ажлууд ч байгаа. Ингээд өнгөрсөн цаг хугацаанд цагдаагийн байгууллагынхаа нэртөрийг өндөрт өргөж ирсэн үе үеийн цагдаагийн алба хаагчиддаа түүхт 75 жилийн ойн баярын мэнд хүргэж, цаашдынх нь ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Монгол цагдаагийн яруу алдар бадартугай...” гэв.

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар нь 1942 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийнтушаалаар анх “Цагдан сэргийлэх анги” нэртэйгээр байгуулагдаж, анхных нь даргаар тус аймгийн Түвшинширээ сумын уугуул Р. Рэгдэл томилогдож байжээ. Өдгөө тус хамт олон 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ард иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдралын төлөө зүтгэж байна. Цагдаагийн газар түүхэн ойгоо угтаж олон бүтээлч ажил төлөвлөн хэрэгжүүлжээ. Байгууллагын далбаа бэлэгдэлтэй болж конторын барилга, өрөө тасалгаануудад бүрэн засвар, тохижилт хийжээ. Мөн хаяг,  гэрэл гэрэлтүүлгээс эхлээд гаднах талбайн тохижилтыг хийж дуусгасан байна.
Т. Одончимэг
 
Холбоотой мэдээ