Монгол Улсын гавьяат малчин Х.Эрдэнийн гэр бүл”Сайхан наадамчин”-аар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-19 10:53:27
Ховд/МОНЦАМЭ/Монгол туургатны дээл хувцас нь  монголчуудын ёс заншил, цаг агаар, аж ахуй, амьдралын хэв маягтай холбоотойгоор бүрэлдэж, өнөөдрийг хүртэл өвөрмөц донж төрхийг агуулан хөгжин шинэчлэгдсээр байна. Үндэсний хувцсаар дамжуулан залуу хойч үедээ түүх, соёлоо уламжлан үлдээх, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах зорилгоор  “Дээлтэй Монгол” наадмыг Үндэсний их баяр наадмын үеэр уламжлал болгон зохион байгуулсаар байна.
Ховд аймгийн баяр наадмын үеэр  Урлаг, соёл, спортын асуудал хариуцсан салбар хорооноос "САЙХАН НААДАМЧИН-2017" уралдааныг "Насанд хүрэгчид", "Хүүхэд" гэсэн хоёр ангилалаар зохион байгуулж, Монгол үндэсний хувцсаараа гоёсон наадамчдыг шалгаруулан, аймгийн Засаг даргын Өргөмжлөл, Энгэрийн тууз, мөнгөн шагналаар  шагнаж урамшууллаа. 
"Насанд хүрэгчид"-ийн ангилалд Ховд аймгийн  Манхан сумын Зэрэг гол багийн малчин, Монгол Улсын гавьяат малчин Х.Эрдэнэ, Н.Наранцэцэг нар,  "Хүүхэд"-ийн ангилалд Жаргалант сумын харьяат Г.Энхзул, Г.Энхэнэрэл нар шалгарчээ. 
Монгол Улсын гавьяат малчин Х.Эрдэнэ Манхан сумын Зэрэг гол багт 1000 тэмээний баярыг анх  санаачлан хийж байсан төдийгүй аймагтаа хамгийн олон тэмээтэй,үзэсгэлэнт Тооройн  элсэнд сумынхаа эмнэлгийн амралтын сувилалын газар байгуулахыг дэмжиж ингэний айргаар эмчилгээ хийхэд тусалдаг гээд тэрээр нутаг орноо хөгжүүлэхэд олон сайхан санаачлага гаргадаг юм.
 А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ