2007 оноос хойш тамхи татдаг хүмүүсийн эзлэх хувь 3 хувиар буурчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
bars@montsame.mn
2017-07-20 09:31:13
ЖЕНЕВ./TASS/.Тамхидалтын эсрэг хийж буй алхмуудын үр дүнд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байна гэж Дэлхийн Эрүүл  мэндийн байгууллага /ДЭМБ/ үзэж байна.  2007 оноос хойш тамхи татдаг хүмүүсийн эзлэх хувь 2,8 хувиар буурсан ба тамхийг сурталчлахыг хориглох зэрэг олон төрлийн арга хэмжээнд манай гарагийн 4,7 тэрбум хүн хамрагджээ. Энэ талаарх мэдээллүүдийг лхагва гарагт Женевт нийтлэгдсэн ДЭМБ-ын илтгэлд дурдсан байна.

“Тамхи татагчдын эзлэх хувь илт буурсан. 15-аас дээш насны хүмүүсийн дунд 2007-2015 оны хооронд дээрх хувь дэлхийн хэмжээнд 23,5 хувиас 20,7 хувь болж буурсан” гэж уг илтгэлд дурджээ.

4,7 тэрбум хүн буюу дэлхийн хүн амын 63 хувь нь хамгийн цөөндөө нэг удаа тамхины эсрэг арга хэмжээнд хамрагдсан бөгөөд энэ үзүүлэлт нь 10 жилийн өмнөхөөс хавьгүй өндөр байгаа юм.  Тухайн үед тамхины эсрэг арга хэмжээ нь дөнгөж 1 тэрбум хүн буюу манай гарагийн хүн амын 15 хувийг хамарч байжээ.

Үүний зэрэгцээ ахиц дэвшил газар бүр адилгүй байгаа аж. 94 оронд тамхи татагчдын эзлэх хувь буурсан бол 47 оронд өөрчлөгдөөгүй, харин таван оронд нэмэгджээ.

Нэг хүнд ногдох орлого багатай улс орнуудад тамхидалттай хийх тэмцэлд дэлхийн дундажтай харьцуулахад багахан өөрчлөлт гарчээ. Эдгээр орнуудад тамхи татагчдын эзлэх хувь 15-аас 13,2 болж буурсан байна.

Илтгэлд дурдсанаар, Орос болон Серб улсууд насанд хүрсэн хүн амын дотор эзлэх тамхи татагчдын хувиар /33 хувь/ Европ тивд гурав, дөрөвдүгээр байранд жагссан бол нэгдүгээрт Черногор /38 хувь/, хоёрдугаарт Грек /35 хувь/ орсон байна. Энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орноор Номхон далайн Кирибати улс тодорсон ба тус улсын насанд хүрэгчдийн 40 хувь нь тамхи татдаг ажээ.

ДЭМБ-ын онцлон тэмдэглэснээр, тамхи үйлдвэрлэгчид Засгийн газруудын авч буй  арга хэмжээг хэрэгжүүлэхийг эсэргүүцсээр байгаа аж. Шинжээч мэргэжилтнүүдийн сануулж байгаагаар, тамхи татах нь дэлхийн даяарх үхлийн гол шалтгаан болж байгаа бөгөөд жил бүр тамхинаас үүдэлтэй шалтгаанаар 7 сая гаруй хүн нас барж байна. “Тамхины хэрэглээг бууруулах хамгийн их үр дүнтэй, эдийн засгийн хувьд батлагдсан арга бол тамхины үнийг нэмэгдүүлэхийн тулд татварыг өсгөх явдал юм” гэж ДЭМБ үзэж байгаа ажээ.

“Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд дэлхийн тамхины тахлыг улам даамжруулж буй тамхины хууль бус худалдааг таслан зогсоох ёстой” гэж  ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адан Гебрейесус мэдэгдсэн байна.
О.Барс 

 

 

Холбоотой мэдээ