Л.Гантөмөр: Ирэх жил орон тоогоо бүтэн хадгална

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-03 18:29:27

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс хойш Төрийн ордоны А танхимд хуралдав.

Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, “Ирэх онд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн тоо тус бүр 8000-аар нэмэгдэх юм байна. Гэтэл багш нарын цалингийн сан хасагдаж орж иржээ. Багш нар чинь хүрэлцэхгүй болох юм биш үү. Үгүй бол цомхотгол хийх юм уу. Хоёрдугаарт эд хогшлын зардал чинь 57 хувиар хасагдсан дүнтэй байна. Сургууль цэцэрлэгийн хүүхдийн сандал ширээгээ яах гэж байна вэ” гэсэн асуудлыг тодруулсан. Тус асуултад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, “Цалингийн санг 55 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэл 6 орчим тэрбум төгрөг гэж тооцсон. Ингээд 11 тэрбум төгрөгийг цалинд суулгана. Эд хогшил худалдаж авах саналаа яам өгсөн. Шийдвэрлэх боломж харагдахгүй байна.

Цалингийн сангаа яаж 10 хувиар нэмэгдүүлсэн бэ гэхээр ирэх оны шинэ сургууль, цэцэрлэгийн ажлуудыг концесс руу шилжүүлэх замаар шийдвэрлэсэн. Намайг эх үүсвэрээ өөрөө ол гэж байгаа юм. Эх үүсвэр мэдээж олдохгүй. Тиймээс бид барилгуудын ажлаа концесс руу шилжүүлж, цалингаа бүтэн тавья гэж байгаа. Орон тоогоо бүтэн хадгалья гэсэн зорилттой ажиллаж байна. Ирэх онд цэцэрлэг сургуулийн хүүхдийн тоо нэмэгдэж байгаа. Тийм учраас нэмэгдэж байгаа хүүхдүүдийн багшийн цалин, урсгал зардал бодогдсон” гэв.

Гишүүдийн асуултад Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс хариулт өгсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан ба байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ