“Нарны хаан хүүхдүүд” тусгай цэцэрлэгийн хамт олонд 23 сая төгрөгийн хандив өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-07-25 15:52:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо /МХҮХ/-ны дэргэдэх “Нарны хаан хүүхдүүд” тусгай цэцэрлэгт боловсрол, соёлыг дэмжигч “Blissand and Charitable Foundation” сангаас  23 сая төгрөгийн хандив өргөв. 

Энэхүү хандивыг "Тусгай цэцэрлэгийг өргөжүүлэн чадавхжуулж, 2-6 насны хараагүй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах төсөл”-ийн хүрээнд хараагүй хүүхдэд тэгш хүртээмжтэй, ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор Тайбэй дахь Улаанбаатарын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн П.Халиуны гэргий, эмч Р.Байгалийн туслалцаатай санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.

Тус цэцэрлэг нь 2016 онд байгуулагдсан бөгөөд 8 багш, 14 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулдаг.

МХҮХ-ны дэргэдэх МСҮТ-ийн сургалтын албаны дарга У.Саруултуяа хэлэхдээ, “Харааны бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт хэрэглэдэг тоглоом, хэрэглэгдэхүүн, сургалтын орчин, гал тогооны хэрэгсэл зэрэг нь жирийн хүүхдүүдийнхээс өөр стандарттай байдаг. Тухайлбал, ширээ өнцөггүй, зөөлөвчтэй, хана болон ариун цэврийн өрөө нь осол гэмтлээс сэргийлсэн байх ёстой. Сургалтын хэрэглэгдэхүүн гэхэд гараад дэлгүүрээс шууд худалдан авах боломжгүй учир тусгайлан судалж байж, захиалдаг. Энэхүү мөнгөн тусламжийг хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг өргөтгөх, тохижуулах, тоглоом, гал тогооны хэрэгсэл зэрэгт зориулах юм” гэв.



Энэ үеэр хараагүй хүүхдэд тэгш хүртээмжтэй, ээлтэй орчинг бүрдүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр оруулсан “Blissand and Charitable Foundation” сангийнханд МХҮХ-ны дэргэдэх “Нарны хаан хүүхдүүд” цэцэрлэгийн хамт олноос өргөмжлөл гардуулав.

Хандив өргөх ёслолын ажиллагаанд боловсрол, соёлыг дэмжигч “Blissand and Charitable Foundation”-ий тэргүүн Е Кун Ши, Улаанбаатар дахь Тайбэйн Худалдаа, Эдийн засгийн төлөөлөгч Марк Хуан, МХҮХ-ны дэд ерөнхийлөгч Д.Зоригт, МХҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн З.Болдсайхан болон тус цэцэрлэгийн багш, хүүхдүүд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ