Ази Номхон далай бүсийн скаутын жемборийг Дундговиос 60 скаут зорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-27 18:11:54
Дундговь/МОНЦАМЭ/  Монгол Улсад болох Ази Номхон далайн бүсийн скаутуудын 31- р жемборид оролцох Дундговь аймгийн скаутууд өнөөдөр хүлгийн жолоо заллаа. 6 салааны 60 скаут, удирдагч 7 багшийн хамт эх орондоо болох гэж буй олон улсын томоохон энэ үйл ажиллагаанд оролцох юм.
Дэлхийн 30 гаруй орны хүүхэд залуучууд хүрэлцэн ирж оролцох энэ томоохон үйл ажиллагаанд хүүхдүүдээ оролцуулахад зохион байгуулалт болоод бусад дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ илэрхийлж байсан. Энэ дагуу тэрээр жемборид  оролцох хүүхдүүдийг идэвхижүүлж, нэгдсэн удирдлагаар хангах  үүрэг бүхий ажлын хэсгийг Засаг даргын орлогчоор ахлуулан 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Засаг даргын зүгээс замын зардал болон бусад зүйлд зориулан 1.8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Жембори өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 3- ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болно. Дэлхийн 30- аад орноос 2 мянга гаруй, Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс 4 мянган хүүхэд, залуус нэгэн дор цугларч, үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа амьдран, бие биеэсээ суралцаж, цаашид байнгын харилцаа холбоотой байж насан туршийн найз нөхөд болох алхмаа эхэлнэ.
 
Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ