Нью-Йоркийн шүүх Хятадын тэрбумтныг гэм буруутай гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-28 08:29:09
НЬЮ-ЙОРК./TASS/. НҮБ-ын албан тушаалтнуудыг хахуульдсан гэх хэрэгт холбогдсон Хятадын тэрбумтныг буруутай гэж үзсэн шийдвэрийг Нью-Йоркийн шүүх пүрэв гарагт гаргалаа.

Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг 69 настай Нглэп Сен-ийг мөнгө угаахын тулд хээл хахууль өгсөн хэрэгт буруутгаж байсан юм. Тэрбээр 2010-2015 оны хугацаанд НҮБ-ын албан тушаалтнуудад олон зуун мянган долларын хахууль өгчээ.

Хятадын тэрбумтан сүүлийн хоёр жилийн турш Манхэттэн дахь байрандаа гэрийн хорионд байгаа юм. АНУ-д 4,5 сая долларыг бэлнээр оруулж ирсэн зорилгоо нууцалсан гэх үндэслэлээр түүнийг 2015 оны 9 дүгээр сард баривчилсан байна. Үүний дараа түүнийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы дарга, Антигуа ба Барбуда улсын Байнгын төлөөлөгч Жон Эшт 500 мянган доллар өгсөн гэх хэргээр мөрдөн шалгаж байсан юм. Энэ мөнгийг Макаод НҮБ-ын объект барихад нь дэмжлэг үзүүлэхийг хүсч Ж.Эшт өгсөн аж. Харин Эш өнгөрсөн оны 6 дугаар сард нас барсан байна.

2015 оны 10 дугаар сард Нью-Йоркийн прокурорын газар НҮБ-ын өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлигын сүлжээг илрүүлэхээр мөрдөн шалгаж эхэлжээ. Одоо энэ хэрэгт холбогдуулан 6 хүнийг шалгаж байна. Тэдний дотор Доминикан улсын дипломатч Фрэнсис Лоренсо байгаа бөгөөд тэрбээр буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөд барьцаа төлөн суллагджээ.

О.Барс  
Холбоотой мэдээ