Шүүхээс шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-28 12:22:55
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2017 оны эхний хагас жилд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд шийдвэрлэсэн хэргийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн талаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эхний хагас жилийн тайланд дурджээ.

Тус шүүх нь 2016 оны 12 дугаар сарын 22-ноос 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийтдээ 596 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 40 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, буцаах, харьяаллын дагуу шилжүүлэх зэрэг ажиллагааг хийж, 469 хэргийг хянан шийдвэрлэжээ. Үүнээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэсэн хэргийн тоо 63 хэрэг буюу 21,7 хувиар, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргийн тоо 73,2 хувиар тус тус өсжээ.

Тайланд хамгийн их өссөн хэргээр зээлийн маргаан /44,4 хувь/, нас тогтоох ажиллагаа /71,4 хувь/, ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан /71,4 хувь/, хөдөлмөрийн бусад маргааныг /71,4 хувь/ нэрлэсэн бөгөөд "ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан өмнөх оны мөн үеэс 71,4 хувиар өссөн нь иргэдийн зээл төлөх чадварт нөлөөлсөн гэх үндэслэлтэй ба энэ нь хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлт буюу банк, иргэн хоорондын маргаан 44,4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан үр дагавартай байна" гэж дүгнэжээ.

Эхний хагас жилд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 4 шүүгч ажилласан бөгөөд нэг шүүгч дунджаар 117,2 иргэний хэрэг шийдвэрлэсэн байна.

 

Ө.Нурболат

 
Холбоотой мэдээ