Си Зиньпин: Эдийн засгийн өсөлтийг 6.5 хувиас бууруулж болохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-11-04 14:21:44

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын 2010 оны үеийн ДНБ болон нэг хүнд ногдох орлогын үзүүлэлтийг 2020 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой байгаа бол ирэх таван жилд эдийн засгийн өсөлтийг 6.5 хувиас бууруулахгүй байх шаардлагатай гэж тус улсын дарга Си Зиньпин мэдэгдэв.

Өнгөрсөн долоо хоногт болсон Хятадын Коммунист намын Төв хорооны 18 дугаар чуулганы тавдугаар бүгд хуралдааны үеэр Си Зиньпин ингэж мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжилжээ.

Ирэх таван жилийн хөгжилд зөвхөн эдийн засгийн өсөлтийн хурдцад анхаарлаа хандуулаад зогсохгүй, өсөлтийн хэмжээ, ялангуяа, өсөлтийн чанарт гол анхаарлаа хандуулах ёстой гэж Си мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, дэлхийд хоёрт орох эдийн засагтай орон ирэх таван жилийн хугацаанд эдийн засгийн жилийн дундаж өсөлтөө долоо орчим хувьд хадгалж чадна гэж хэд хэдэн шалгуур үзүүлэлтэд үндэслэн мэдэгдэв.

БНХАУ-ын иргэдийг тав тухтай амьдрах орчноор хангахын тулд тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой байгаагаа Си Зиньпин энэ мэдэгдлээрээ харууллаа гэж шинжээчид үзжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ