Балканы хойгт дайн гарч болзошгүй Меркель анхаарууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-04 14:47:33

БЕРЛИН. /АР/. Хэрэв Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд тухайлбал, Герман болон Австри улс цагаачдад хилээ хаавал Балканы хойгт дайн эхэлж болзошгүйг Германы Канцлер Ангела Меркель анхаарууллаа гэж “Die Zeit” сонинд мэдээлжээ.

“Энэ нь цэргийн мөргөлдөөнд хүргэхийг би хүсэхгүй байна” гэж Германы Засгийн газрын тэргүүн Дармштадт хотод болсон бага хуралд үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

ЕХ-ны томоохон улс орны хувьд харилцаагаа бэхжүүлж болох шийдлийг Герман олох ёстой гэдгийг Меркель мөн нэмж хэлжээ. “Бид ингэж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Аравдугаар сард 220 мянга орчим дүрвэгч Европт ирсэн тухай НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Эдриан Эдвардс энэ сарын 2-нд мэдээлсэн юм. Энэ тоо нь он гарснаас хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт ажээ.

Цагаачдын урсгалыг бууруулах зорилгоор Словени улстай залгаа хил дээрээ хана босгохыг Австрийн эрх баригчид дэмжиж байгаа нь 10 дугаар сарын 28-нд тодорхой болсон.

Цагаачид олноороо ирж байгаатай холбогдуулан Зүүн Европын орнуудад тусламж үзүүлэх тухай гэрээ хэрэгжихгүй бол Унгар улстай адил хил дээрээ хана барьж эхэлж магадгүй гэж Словенийн Засгийн газар үүнээс тав хоногийн дараа мэдэгджээ.

Сербитэй залгаа хил дээрээ 175 км урт дөрвөн метр өндөр хаалт барихаар төлөвлөж байгаагаа Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто зургадугаар сарын 17-нд мэдэгдсэн юм. Хаалт барих ажлыг 11 дүгээр сарын 30 гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа аж.

Сүүлийн саруудад дүрвэгсдийн хяналтгүй урсгал эрс нэмэгдсэнтэй холбоотой хямрал Европт үүсээд байгаа билээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ