Австралийн нисэх онгоцны буудлуудад өндөржүүлсэн хамгаалалт хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-07-31 13:47:12
КАНБЕРРА. /VOA/. Даваа гарагт  нисэх онгоц дэлбэлэх гэсэн хуйвалдааныг илрүүлсний дараа Австралийн нисэх онгоцны буудлуудад аюулгүй байдлыг хангахын тулд зорчигчдын ачаа тээшийг маш нарийн шалгаж байна.

Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбулл, Хил хамгаалах албаны сайд Петер Дютон нар "лалын хэт даврагчид хорт хий ашиглан нисэх онгоцны багийнхнийг хөнөөхөөр төлөвлөж, гар хийцийн дэлбэрэх бодисыг гал тогооны хэрчигч хэрэгсэл хэлбэртэйгээр авч явах гэж байсан" гэсэн сонины мэдээлэлд хариулт өгөхөөс татгалзжээ.

"Тэднийг террорист ажиллагаа явуулах зорилготой байсан эсэхийг нь цагдаа нар шалгах болно" гэж М.Тернбулл Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацид ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Тэрбээр нисэх онгоцны буудлыг дэлбэлэх гэж байсан террорист ажиллагааг таслан зогсоосон гэдгийг өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн бөгөөд ажиллагааны талаар маш товч мэдээлэл өгчээ.

Баасан гарагт Сидней хотод явуулсан тусгай ажиллагааны үеэр 4 хүнийг баривчилсан байна. Тэд ливан гаралтай Австралийн хоёр иргэн болон тэдний хоёр хүү байжээ. "Австралийн аюулаас хамгаалах албаныхан өмнө нь тэдний талаар мэдээлэлгүй байсан ба гадаад орны тагнуулын байгууллагаас ирүүлсэн мэдээллийн хүчинд баривчилсан" гэх мэдээлэлд Засгийн газрын зүгээс ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй.

"Австрали улс маш сайн тагнуулын албатай гэдэгт австраличууд итгэлтэй байж болно. Бид энэ удаад маш шуурхай ажиллаж чадлаа " гэж М.Тернбулл хэлсэн байна.

Террорист ажиллагаа үйлдэхээр хуйвалдагчид нисэх онгоцонд байгаа бүх хүнийг хөнөөх эсвэл тэднийг хөдөлгөөнгүй болгох хортой, хүхэрт хий ялгаруулдаг "уламжлалт бус" тэсрэх төхөөргийг хийж байсан гэж хэд хэдэн эх сурвалж мэдээлжээ.
Х.Сарнай 


 


 
Холбоотой мэдээ