Хөх нуурт их цэвэрлэгээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-01 18:44:13
Дорнод /МОНЦАМЭ/. Ирэх сараас Онон, Улз голын сав газрын захиргаа Дорнод аймгийн ЗДТГ-тай хамтран Хөх нуурт их цэвэрлэгээ хийхээр төлөвлөж байна. Саяхны өдрүүдэд тус захиргааны хамт олон өөрсдийн хүчээр Хөх нуурыг цэвэрлэж, 40 ширхэг загасны тор гарган авч устгажээ.
Загасны тор нь нуурын ёроолд удвал загас, шувуу орооцолдож үхэх, улмаар ялзарч муудан усыг бохирдуулдаг. Түүнчлэн нуурын ойр орчимд малтай айл олон, загас агнуур байнга хийдэг зэрэг нь бохирдол үүсгэх бас нэгэн шалтгаан болж байгаа юм.  
Хөх нуур нь Цээлийн голоор дамжин Улзаас тэжээгддэг. Гэтэл сүүлийн жилүүдэд Цээлийн гол ширгэж, түүнийг дагаад Хөх нуур нэлээд багасаж, эрдэсжилт нь ихэсчээ. 
Хөх нуур нь Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт, 21 ам.км талбайг эзлэн оршдог, дунджаар долоон метр гүн, тал нутгийн томоохон давстай нуур юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ