Бэлчээрийн доройтол найман жилд есөн хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-02 19:42:51
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн бэлчээрийн төлөв байдал, чанарын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар тодорхойлсноор бэлчээрийн дундаж ургац нэг га талбайд 4.5 центнер байж, 65.1 хувь нь ургамлан бүрхэцтэй 10.9 хувь нь хагд, 24.0  хувь нь халцгай газар байгаа нь малд идэмжтэй ургамлын тоо ихээхэн  цөөрснийг нь харуулж байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан мэдээллээ.
2006 онд нийт бэлчээрийн 64.8 хувь талхлагдсан байсан найман жилийн дараа 238522 га-гаар буюу 9.1 хувиар өсч, 73.9 хувь болж  нэмэгдсэн байна. Бэлчээрийн төлөв байдал муудаж, бэлчээрийн даац хэтэрч, бэлчээрийн ургамлын бүтэц бүрэлдэхүүн хомсдож, ургац нь багасахын хирээр бэлчээрийн доройтол улам бүр ихэсч цаашид бэлчээрийн мал аж ахуйг эрхэлж боломж муудаж байна гэж Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд дүгнэж байна.
Аймгийн ИТХ-ын хуралдаанаар “Бэлчээрийн менежментийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилт цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцэж, бэлчээрийн ургамлан бүрхэвчийн өөрчлөлтийг жил бүрийн  8-р сарын эхний 10 хоногт багтаан фотомониторингийн аргаар тогтоон бэлчээрийн даацыг тодорхойлон холбогдох төлөвлөлт хийх, мал бордох цэгүүдийг олноор байгуулахын зэрэгцээ мал нядалгааны цэг, мах боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж, малыг эдийн засгийн эргэлтэнд оруулахыг аймгийн Засаг даргад даалгалаа.
Малчдад малаа эдийн засгийн эргэлтэнд оруулах мэдлэг олгох сургалтуудыг жил бүр зохион байгуулах, бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх, олон жил атаршиж өнжөөсөн талбайн судалгааг гаргаж, олон наст ургамлын үрээр нөхөн сэргээх болон  тэжээлт ургамал тариалах, сум бүр бэлчээр ашиглалтын хэсгийн зураглалтай болох, худаг, уст цэгийн судалгааг гарган мэдээллийн санг бий болгож худаг ашиглах засвар үйлчилгээний дундын хуримтлалтай болгох зэрэг арга хэмжээ авахаар аймгийн ИТХ-аас шийдвэрлэлээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ