Гэмт хэргийн илрүүлэлт 56,2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-03 10:20:55
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнгөрсөн сард 94 гэмт хэрэг бүртгэгдэж гэмт хэргийн илрүүлэлт 56.2 хувьтай байгаа талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Өнгөрсөн сард нийт 94 гэмт хэрэг бүртгэгдэж гэмт хэргийн илрүүлэлт 56.2 хувьтай байгааг албаныхан хэлж байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг ангилбал золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг 18, хүний амь нас болгоомжгүйгээр хохироосон нэг, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 30, хүчин гурав, хулгайлах төрлийн гэмт хэрэг 39 үүнээс малын хулгай 12, залилан гурав, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гурав, хууль бусаар мод бэлтгэх тав, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг гэмт хэрэг 14 тус тус бүртгэгдсэн байна.
 
-Гэмт хэргийн гаралт өмнөх долоо хоногоос 26,4 хувиар буурав-

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг болон захиргааны зөрчлийн шинжтэй 106 дуудлага мэдээлэл аймгийн Цагдаагийн газарт бүртгэгдэж өмнөх долоо хоногоос 26.4 хувиар буурчээ. Ирсэн дуудлага мэдээллийн 62 нь захиргааны зөрчлийн шинжтэй, 44  нь гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл ирсэн талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. Үүнээс архидан согтуурч эрүүлжүүлэгдсэн 18, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон тав, зөрчил гаргасан 15 иргэнийг 7-30 хоног баривчилсан байна.

Ахуйн хүрээнд архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага  мэдээлэл иргэдийн дунд их байна. Иймээс иргэд маань архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх, архидан согтуурсны улмаас гэмт хэргийн хохирогч холбогдогч болж байгааг анхаарах хэрэгтэйг аймгийн ЦГ-ын урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах байцаагч, Цагдаагийн ахмад М.Нансалмаа хэллээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, ахуйн хүрэнд байнга архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, гэр бүл, ойр орчиндоо айдас түгшүүр төрүүлдэг этгээдийн талаар цаг алдалгүй Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг сануулсан юм.
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ