Э.Эрдэнэ: Олон улсын Монгол судлаачдын хойч үеийг бэлтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-08-07 16:25:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “Элбэгдорж хүрээлэн” буюу EBI хөтөлбөрийн нээлт өнөөдөр Монголын Үндэсний музейд болов.

Хөтөлбөрийг нээж “Элбэгдорж хүрээлэн”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Эрдэнэ хэлэхдээ, “Монгол судлал өнөөдөр эрчимтэй хөгжиж байгаа ч жил ирэх тусам  судлаачдын тоо магистр, докторын түвшинд буурч байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Иймээс олон улсад монгол судлаачдын хойч үе, боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Олон улсын монгол судлаачдын ирээдүйн хойч үеийг бэлтгэх нь Монгол судлалыг дэлхийн улс оронд эрчимтэй хөгжүүлэх гарц, гүүр болох юм. EBI хүрээлэн, Их Монгол сан цаашид монгол судлалын чиглэлээр тодорхой ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд үүний эхлэл болгож Монголыг гэсэн сэтгэлтэй гадаадын оюутан, залуусыг монгол судлаач болгох зам руу хөтлөх “Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих EBI хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр монгол судлалд хүчээ сорьж буй эрдэмтэн судлаачид дэлхийн энтэй бүтээл туурвих, хэл, соёл, түүх зэрэг уламжлалт салбарын судалгааг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц хөгжүүлэх боломж бүрдэх юм” гэв.

Монгол  судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга  Д.Заяабаатар, “2014 оноос хойш монгол судлалын хөгжилд тодорхой ахиц дэвшил гарсан гэж хэлэх бүрэн үндэслэлтэй. Ялангуяа европт монгол судлалын хөгжил саармаг байсан түвшнээсээ эрчимжих, зарим Монгол судлалын төвд профессорын орон тоо хаагдмал байсан газрууд эргээд сэргээж энэ чиглэлийн сургалт судалгааны үйл ажиллагааг хэвийн хөгжүүлж байна. Мөн Монгол судлалын төвгүй байсан газрууд төв байгуулах чиглэлээр бидэнтэй санал солилцож байна. Тухайлбал, Итали, Канад, Колумбын их сургуульд Монгол судлалын төв нээх албан ёсны санал ирүүлсэн. Нэг үе зогсонги, саармагжиж байсан хандлага эргээд сэргэх, монгол судлалын хамрах хүрээ өргөжих, тэр хэрээр монгол судлалын чиглэлээр суралцах, эрдэм шинжилгээний ажил хийх оюутан болоод судлаачдын тоо өсч байна. Монгол судлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал бол санхүүжилт. Хэдийгээр жил бүр монгол судалгааны чиглэлээр тодорхой санхүүжилт баталж байгаа ч гадаадын судлаач, төвүүдийг дэмжих, дотооддоо монгол судлалын чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг дэмжих чиглэлд хангалттай хүчин зүйл болж хараахан чадахгүй байна. Гэхдээ эдийн засгийн нөхцөл сайжирч, цаашид монгол судлалын үйл ажиллагааг дэмжих явдал монгол төрийн мөнхийн бодлого байх учраас энэ чиглэлд ахиц дэвшил гарна гэж харж байна” гэв.



Тус хөтөлбөрт монгол хэлний мэдлэгээрээ өрсөлдөн тэргүүлсэн, бакалаврын түвшинд суралцаж буй ОХУ, БНСУ, Энэтхэг зэрэг долоон улсын 9 залуу шалгарчээ. Тэд 10 хоногийн хугацаанд монголын шилдэг багш нарын лекцийг сонсож, түүх, шинжлэх ухааны академитай танилцах юм. Мөн хөдөө орон нутгийг зорьж, монгол ахуйтай танилцана. Ингэхдээ тэд амьдрах гэрээ өөрсдөө барьж, мал маллан цагаан идээ боловсруулах аргачлалаас суралцах аж.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Холбоотой мэдээ