Гэмт хэргийн гаралт эрс буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-04 22:19:34

Хэнтий аймгаас бэлтгэсэн багц мэдээ

Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо хэвлэл мэдээллийнхэнд Хэнтий аймгийн эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.  Энэ оны 3-р улирлын байдлаар гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21,6 хувиар буурчээ.

“2015 оны эхний 9 сарын байдлаар 325 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  Энэ мэдээ тайланг Монгол Улсын цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгааны төвөөс онлайнаар авч нэгтгэн боловсруулаад Монголын Статистик мэдээлэл боловсруулах зааврын дагуу Монгол Улсын Хууль зүйн Яам, Засгийн газарт мэдүүлдэг юм. Энэ эерэг үзүүлэлт нь ард иргэдийн хувьд сэтгэлгээ, хандлагын өөрчлөлт гарсан, мөн аймаг, сум, орон нутгийн удирдлагаас хэрэгжүүлсэн бодлогын үр дүн юм. Гэмт хэрэг, зөрчлийг ингэж бууруулсан нь аль аль шатныхаа ажлын үр дүн гэж ойлгож харах хэрэгтэй гэж албаныхан хэллээ. Гэмт хэрэг илрүүлэлтийн хувьд 73.9 хувьд хүрч өмнөх оны мөн үеэсээ 4.2 хувиар өссөн мэдээтэй байна. Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас хэрэгжүүлсэн хэд хэдэн бодлогын үр дүн эерэгээр гарчээ

Малын хулгай өмнөх оны мөн үеийнхээс 31,6 хувиар буурчээ

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх ажлыг шат шатандаа зохион байгуулахаар орон нутгийн төр захиргааны байгууллага, ТББ-ууд хүртэл анхаарал хандуулан ажилласны үр дүнд мал хулгайлах гэмт хэрэг 80 бүртэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31,6 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Хэнтий аймгийн цагдаагийн газрын 102 жижүүрийн шуурхай удирдлагын албаны утас 24 цагаар ажилладаг. Мал алдсан, ямар нэгэн гэмт хэрэг зөрчил гарсан тохиолдолд 102 утсанд мэдээллээ өгдөг учраас тэр хандалт нь буурсан, бас  өргөдөл гомдлын тоо буурсан учраас малын хулгай буурчээ.

Иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг буюу гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг дээр цагдаагийн байгууллага нэлээд анхаарал хандуулж ажилласны дүнд 34.3 хувиар буурсан байна. Энэ нь Хэнтий аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа “Архигүй Хэнтийчүүд хөтөлбөр”, бусад урьдчилан сэргийлэх чиглэлийн ажилд иргэд, олон нийтийн оролцоо нэмэгдсэнтэй холбоотой юм.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил 33,3 хувиар өссөн сөрөг үзүүлэлт гарсан. Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн зааг дээр хэд хэдэн аваар осол гарсан нь бас тухайн аймгуудаас УБ хотыг зорьсон зорчигчдын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж байгаа юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ хууль хэрэгжсэнтэй холбогдуулаад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих асуудлууд нилээд цэгцэрсэн. Монгол Улсад жилд дунджаар зам тээврийн ослоор 500 гаруй хүн  амь насаа алдаж, 2000 хүн бэртэж гэмтдэг гэсэн судалгаа бий.

“Архигүй Хэнтийчүүд хөтөлбөр” хэрэгжсэнээр гэмт хэрэг буурч байна

Хэнтий аймаг “Архигүй Хэнтийчүүд хөтөлбөр” хэрэгжүүлснээр согтуугаар зөрчил гаргаж саатуулагдсан /хуучнаар эрүүлжүүлэгдсэн/ хүний тоо 54.6 хувиар буурсан. Өнгөрсөн оны мөн энэ үед 2355 хүн саатуулагддаг байсан бол одоо 1000 гаруй хүн саатуулагдажээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 548 хүн бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үед 801 согтуу жолооч журамлагдаж байсан, даруй 31 хувиар буурсан.Эрхээ хасуулсан жолооч өнгөрсөн оны мөн үед 563 байсан бол энэ жилийн хувьд 396 бүртгэгдсэн нь 29 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа аж.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ