Эхийнхээ сүүгээр хооллосон хүүхдэд сайн дархлаа тогтдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-09 22:24:50
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Манай улс болон дэлхийн 170 гаруй орон жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрүүдийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног” болгон тэмдэглэдэг. Энэ  жил  “Эхийн сүүгээр  хооллолтыг  хамтдаа дэмжицгээе” уриан дор зохион  байгуулж байгаа талаар аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор хүүхдийн өвчлөл багасч, улмаар тухайн улсын эрүүл  мэндийн  зардлыг бууруулах, мөн эхчүүдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зэргээр үндэсний  хөгжил  цэцэглэлтэд  чухал  ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Уг долоо хоногийн хүрээнд залуу ээжүүдэд зориулж хүүхдээ эхийн сүүгээр хооллох ач холбогдлын талаар сургалтыг зохион байгуулж байна. Сургалт 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд маргааш нярай хүүхдийн арчилгааны талаар хичээл заах аж.

Сүүлийн жилүүдэд эхийн сүүгээр хооллолт манай улсад буурсаар байгааг мэргэжилтнүүд хэлдэг. 2013 онд  нийт  нялхсын  60 орчим  хувь  эхний зургаан сарын турш эхийн  сүүгээр  дагнан  хооллож  байсан бол энэ жил энэ  үзүүлэлт 40 хүрэхгүй хувь болжээ. Үүнээс шалтгаалж хүүхдүүдийн дундах өвчлөл буурахгүй байна. Хүүхдийг эхний зургаан сарын хугацаанд эхийн сүүгээр хооллож байж тухайн хүүхдэд дархлаа бүрэн тогтдог. Төв аймагт төрж байгаа хоёр хүүхдийн нэг нь эхийн сүүгээр хооллож байгаа нь эхчүүдийн дунд хүүхдээ эхийн сүүгээр хооллохгүй байгаа байдал өндөр байгааг харуулж байна. 

Дашрамд дурдахад, энэ оны тавдугаар сард Нялх, балчир хүүхдийн  хүнсний тухай хууль батлагдсанаар эхийн сүүгээр  хооллолтыг  дэмжих  том алхам болж буй юм.  


Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ