Хоёрдугаар цэцэрлэгт засвар хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-11 15:38:04
 Увс /МОНЦАМЭ/ Бүгд Найрамдах Турк Улсын ТИКА олон улсын байгууллагаас Увс аймгийн Улаангом сумын хоёрдугаар цэцэрлэгт их засварын ажил хийхээр болжээ.

Улаангом сумын Хоёрдугаар цэцэрлэг нь 1964 онд “Барилгын цэцэрлэг” нэртэйгээр байгуулагдаж барилга угсралтын трестийн ажилчдын хүүхдүүдийг хамруулан үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Одоо тус цэцэрлэг нь Улаангом сумын 11-р багт байрлалтай, үндсэн 6 бүлэгт 305 хүүхэдтэй, 23 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 60, хагас болон бүтэн өнчин 70 гаруй хүүхэд хамрагддаг байна. Гэвч Хоёрдугаар цэцэрлэгийн агааржуулалт маш муу учраас хүүхэд сурч боловсроход хүндрэлтэй, мөн дээвэр, хана нуралтад орсон, цахилгаан доголдолтой байгаа гэдгийг тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Тунгалаг хэлж байсан юм. БНТУ-ын Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн (ТИКА) Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Вэйсэл Чифтжи Хоёрдугаар цэцэрлэгийн байр байдалтай газар дээр нь танилцаж, шаардлагатай зүйлсийн талаар мэдээлэл аваад өчигдөр буцлаа.
Б.Замбал
Холбоотой мэдээ