Ц.Баярсайхан: Орлого цуглуулалтад үндсэн хөшүүрэг дутагдалтай байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-11 20:24:41
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. "Төв Чандмань" дулаан эрчим хүчний газар энэ жил төлөвлөгөөний дагуу аж ахуй нэгж, айл өрх, төсөвт байгууллагуудаас 4 тэрбум 859 сая төгрөгийг орлого татаж төвлөрүүлнэ.

Энэ онд таван тэрбум төгрөгийн орлого, 5.5 сая төгрөгийн зарлага, 477 сая төгрөгийн алдагдалтай байхаар төсөв батлагдсан. Гэхдээ бид үйл ажиллагааныхаа бус орлогоор алдагдлыг буруулах талаас арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.  Энэ оны эхний хагас жилийн байдлаар богино хугацаат өр төлбөр 227,8 сая төгрөг, урт хугацаат өр төлбөр 992,6 сая төгрөг нийт нэг тэрбум 220,4 сая төгрөг болж, дансны авлага 462 сая төгрөг хүрсэн байна.

Байгууллагын нийт орлогыг цэвэр усны хэсэг, сувагжуулалтын хэсэг, орон сууцны хэсэг, усан сангийн хэсэг, дулааны хэсэг зэрэг таван хэсгээс бүрдүүлдэг.

Үндсэн үйлдвэрлэл дулаан үйлдвэрлэл учраас байгууллагын нийт орлого, зарлагын 80 хувь, урсгал засварын ихэнх хувийг “Дулаан үйлдвэрлэлийн алба” эзэлдэг.   Тус алба энэ жил 175 сая төгрөгийн хөрөнгөөр их засварын ажил хийгдэхээр ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.

"Төв Чандмань" ДЭХГ-ын эдийн засагч Ц.Баярсайхан: “Манай байгууллагын орлого цуглуулалтад үндсэн хөшүүрэг дутагдалтай байдаг. Тухайлбал цахилгаан эрчим хүчний газар хүмүүс цалин мөнгө аваад хамгийн түрүүнд цахилгааны мөнгө хийдэг. Айл айлаар нь тасалж хаана гэсэн ойлголт байдаггүй учраас бусад хэрэглэгчдийг давхар хохироохгүйн тулд eсөн сарын 15-аас таван сарын 15 хүртэл тасралтгүй халаалтаар үйлчилдэг. Сар сардаа төлбөрөө сайн төлдөг зарим айл өрх бий. Гэхдээ манай байгууллагын хувьд орлого цуглуулалтын хөшүүрэг тэр л байна. Харин төсвийн байгууллагууд цаг хугацаандаа төлөлтөө хийгээд явдаг” гэв.

Тус байгууллага өнгөрсөн жил таван тэрбум 446,5 сая төгрөгийн орлого баталж, гүйцэтгэлээр зургаан тэрбум 33,7 сая төгрөг орлого бүрдүүлжээ. Зардлыг таван тэрбум 662,1 сая төгрөгөөр төлөвлөж, гүйцэтгэлээр зургаан тэрбум 164,8 сая болгон нэмэгдүүлсэн байна. Харин алдагдлыг 215,6 сая төгрөгөөр төсөв баталж, гүйцэтгэлээр 131, 1 сая төгрөг болж, 60,8 хувиар буруулж ажиллажээ.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ