Ц.Оюунбаатар: Энэ өвөл 56 сая мал өвөлжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-05 15:31:48

Долоо хоног бүр зохион байгуулдаг уламжлалт "Сайдын цаг" уулзалтад Шадар сайд Ц.Оюунбаатар оролцлоо.

Тэрбээр уулзалтын эхэнд өнгөрөгч сарын 23-27-ны өдөр ӨМӨЗО-ны Хөх хотод болсон Монгол-Хятадын анхдугаар экспог Шадар сайдын хувиар Монголын талаас оролцсон 900 гаруй төлөөлөгчдийг ахлан оролцсон гэдгээ тодотгоод хоёр жил тутамд зохион байгуулах уг экспод манай улс тун амжилттай оролцсон гэдгийг тэмдэглэв.

Шадар сайд цааш хэлэхдээ,“Ялангуяа хөнгөн үйлдвэр, хувцас, барилгын материал үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлалын төслүүд тун амжилт арвинтай оролцлоо. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын компанитай хамтран нүүрсийг угааж, баяжуулан экспортлох гэрээнд гарын үсэг зурлаа. Мах махан бүтээгдэхүүний салбарт Монголын нийт 12 компани хятад түнштэйгээ гэрээ байгуулсан. Эхний ээлжинд туршилтаар 1000 хүртэлх тн мах, махан бүтээгдэхүүн экспортлохоор талууд тохиролцож чадлаа. Энэхүү Хятад-Монголын анхны экспогийн үеэр хамтын ажиллагааны 166 гэрээ хэлэлцээр байгуулж, хамтын ажиллагааны төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь 148 тэрбум 590 сая юаньд хүрсэн” гэсэн юм.

Уулзалтын үеэр газар хөдлөлтийн асуудлыг Шадар сайд хөндлөө. Улаанбаатар хотоос 200-400 км-ын тойрог буюу Булган аймгийн Могод, Дундговь аймгийн Дэрэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд газар хөдлөлтийн идэвхтэй голомттой аж.  Дээрх бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах системийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012-2014 онд ашиглалтад оруулжээ. ОБЕГ-аас зохион байгуулдаг дадлага сургуульд сүүлийн 4 жилд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэгт гамшгаас хамгаалах 271 алба, 564 мэргэжлийн анги, 1590 аж ахуйн нэгж, байгууллагын нийт 2.4 сая орчим хүн оролцсон байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийтийн орон сууцны 3133 барилга байгаа бөгөөд 413 барилгад газар хөдлөлт тэсвэрлэх байдал, чанарыг шалгах үзлэг шалгалт хийж паспортжуулан, мэдээллийн санд оруулсан. Газар хөдлөлтөд тэсвэргүй 166 барилга байгаагаас 85 барилгыг дахин төлөвлөхөөр болж, 42-ыг нь буулган шинэчилж байгаа бол 74 барилгыг хүчитгэн ашиглах боломжтой гэж үзжээ.

МХЕГ улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 656 сургууль, 686 цэцэрлэгийн барилгын ашиглалтын төлөв байдалд үзлэг хийж газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ аваагүй 78 сургууль, 103 цэцэрлэгийн барилга байгааг тогтоосон. Үүнээс нийслэлийн хэмжээнд  үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 27 сургууль, 51 цэцэрлэгийн барилга шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Дүгнэлтийг үндэслэн 9 цэцэрлэгийг буулган шинэчлэн барьж, 8 цэцэрлэгийг буулгаж шинээр барихаар төлөвлөж, 4 цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, 6 сургуулийн барилгыг буулган шинээр барьж, 4 сургуулийн үйл ажиллагааг зогсоосон.

Цаашид газар хөдлөлтийг бүртгэх станцуудыг нэмж байгуулах, зарлан мэдээллийн дохио дамжуулах цамхагийг 40-өөр нэмэгдүүлэх, аймгийн төв, томоохон хот суурин газрын газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг ирэх онд хийж дуусгах, барилгын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, гамшиг тохиолдсон үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх, түр байрлуулах хоргодох байр, цугларах талбай зэргийг төлөвлөж баталгаажуулах зэрэг ажлыг хийх шаардлагатай гэж Шадар сайд хэллээ.

Түүнчлэн Ц.Оюунбаатар сайд өвөлжилтийн асуудлаар мөн мэдээлэл хийсэн. Энэ оны хагас жилийн тооллогоор нийт 70,6 сая мал зуссан. Урьдчилсан байдлаар 56 сая мал өвөлжих төлөвтэй байна. Иймд зохих өвс хадлан, гар болон үйлдвэрийн тэжээл базаагаад байгаа гэнэ.

Цаг агаарын урьдчилсан  мэдээгээр 11 дүгээр сард Алтай, Хангайн нуруугаар, 12 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас их хэмжээний цас орох төлөв гарчээ. Иймд цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлыг эрсдэл багатай давахад онцгой анхаарах шаардлагатай. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд гарах хүндрэлээс сэргийлэх зорилгоор зудын гамшигт өртөж болзошгүй бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настан иргэд, отроор явах малчдын судалгааг гарган, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, жолооч нарыг дулаан хувцас, хэрэгслээр хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материалын нөхөн хангалтыг бүрдүүлэх ажлыг хийж байгааг мэдээлэлдээ дурдав.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ