Дорнод аймгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өслөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын байдлаар Дорнод аймгийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл өссөн гэсэн таатай мэдээлэл гарлаа.
Аймгийн Статистикийн хэлтсээс сар тутам гаргадаг мэдээгээр нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 32.3 тэрбум төгрөг болж урьд оны мөн үеийнхээс 0.89 тэрбум төгрөгөөр өсчээ. Түүнчлэн оны үнээр 32.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь урьд оны мөн үеийнхээс 1.3 тэрбум төгрөгөөр өссөн гүйцэтгэлтэй байна. Нийт бүтээгдэхүүний өсөлтийг тооцохдоо гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2005 оны зэрэгцүүлэх үнээр үнэлж тооцдог байна. Харин борлуулсан бүтээгдэхүүн нь аж ахуйн нэгж, байгууллагын тайлангийн хугацаанд оны үнээр үнэлж, худалдсан буюу гадагш гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэмжээ аж.
Энэ онд гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс 308 мянган тонн нүүрс олборлож, 132 мянган г.кал дулаан нийлүүлж, хоёр мянга гаруй тонн гурил, мянга орчим тонн хивэг зэргийг үйлдвэрлэжээ.