Өнөөдөр “Монголын залуучуудын өдөр” тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-08-25 11:10:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг Монгол Улс даяар “Монголын залуучуудын өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн түүхтэй.

1921 оны энэ өдөр “Бошгыг халах залуучуудын эвлэл” хэмээх Монголын залуучуудын байгууллага байгуулагдсан билээ. Их зохиолч Д.Нацагдорж тус байгууллагын анхны дарга байсан бөгөөд энэ өдөр Монголын залуучуудын хөдөлгөөн үүссэн төдийгүй тэд үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж, дуу хоолойгоо албан ёсоор нэгтгэсэн түүхэн тэмдэглэлт өдөр.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан өнөөгийн Монголын залуусын талаарх судалгааны тоон мэдээллийг сонирхуулж байна.



1990 он хүртэл Монголын хувьсгалт залуучуудын эвлэл /МХЗЭ/ хэмээх залуучуудын байгууллага манай залуучуудын манлайллын байгууллага нь байсан юм. Харин өдгөө энэ өдрийг баяр цэнгүүн гэхээс илүүтэй залуучууд зорилгоо тодорхойлдог, алдаа оноогоо дүгнэж, тодорхой асуудал хөнддөг, гарц шийдэл ярилцдаг, нэгдэж сайн санааны үйлс хийдэг, бүтээдэг өдөр болгон тэмдэглэх талаар МЗХ-ноос мэдэгдсэн юм.

Энэ жилийн хувьд “Залуусаа Нэгдье” уриан дор бүх үйл ажиллагааг зохион байгуулна. “Залуус бид нэгдэж хандиваар тусална”, Залуус бид нэгдэж сайн, сайхан үйлсийг дэлгэрүүлнэ”, “Залуус бид нэгдэж хүний амь аварна”, “Залуус нэгдэж оролцоно” гэсэн уриан дор зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ өдөр манай улсад цусны донор хомс байгаа учраас “Монголын залуучуудын өдөр” байгууллага хамт олон, оюутан залуус цусаа хандивлах аянд нэгдэж байна. Тухайлбал, “Сүү” ХК-ийн ажилчид болон урлаг соёлын одууд, сошиал ертөнцөд идэвхтэй байдаг залуус нэгдэнэ гэдгээ илэрхийлээд  байгаа юм. Цус хандивлах үйл ажиллагаа өнөөдөр 9-13 цагт МЗХ-ны Залуусын нээлттэй танхимд болно.
 
Д.Өлзий
Холбоотой мэдээ