Афганистанд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 300-д хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-05-12 10:45:25

ИСЛАМАБАД, 2024 оны тавдугаар сарын 12 /Anadolu/. Афганистаны хойд ба баруун хойд нутагт хүчтэй аадар бороо орж, үерийн гамшиг нүүрлэсний улмаас 300 хүн амь эрсдээд байна гэж НҮБ-ын Хүнсний хөтөлбөрөөс бямба гарагт мэдэгджээ. 


Тус хөтөлбөрийн X хуудсанд мэдээлснээр, Афганистанд болсон үерийн улмаас Баглан мужид 300 гаруй хүн амиа алдаж, 1000 гаруй байшин эвдэрч сүйдсэн байна. Сүүлийн хэдэн долоо хоногт хүчтэй аадар бороо орсноос үүдэн  олон удаа үер болсны нэг нь энэ юм. 


"Хүчтэй аадар борооны улмаас дөрвөн мужид үер бууж, 2500-3000 байшин эвдрэн сүйдэж, олон зуун толгой мал үхэж хорогдож, зам болон бусад дэд бүтэц эвдэрсэн. Аврах багийнхан гамшигт нэрвэгдсэн бүх бүс нутагт аль хэдийнэ очсон. Үерийн улмаас зам хаагдсан тул гэмтэж бэртсэн хүмүүсийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэж байна" гэж Талибан хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забиулла Мужахид мэдээллээ. 


Талибуудын засаг захиргаа Кабул болон бусад мужуудаас аврах, тусламж үзүүлэх багийг илгээсэн байна. З.Мужахид хэлэхдээ, бид Афганистаны нийт ард түмэнд хандаж, үерийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахыг хүссэн гээд, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас ноцтой хохирол учирч, зарим бүс нутагт бүхэл бүтэн тосгон сүйрсэн гэдгийг тэмдэглэжээ. 


Өнгөрсөн сард Афганистаны олон бүс нутагт хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас 70 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртсэн юм. Тус улстай хөрш зэргэлдээ орших Пакистанд мөн дөрөвдүгээр сард үерийн улмаас 100 орчим хүн амиа алдаж, 89 хүн гэмтэж бэртжээ. 



Холбоотой мэдээ