Их дээд сургууль болон МСҮТ-ийн хичээлийн шинэ жил ирэх даваа гарагт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2017-08-28 10:46:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-ийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг 2017 оны есдүгээр сарын нэгний баасан гарагт эхлэхээр боллоо.

Энэ жилийн тухайд "Эх хэлээ дээдэлье" сэдвийн дор эхний хичээлийг явуулахаар төлөвлөжээ.



Харин их, дээд сургууль, МСҮТ-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 4-нд буюу ирэх даваа гарагт
эхлүүлэх тушаалыг БСШУСЯ-наас гаргаад байна.

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр нийслэлийн автомашины ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга  С.Батболдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ган-Эрдэнэд их, дээд сургууль, коллежийн захирлуудад хичээлийн нээлтээ гурван хоногоор хойшлуулж, есдүгээр сарын 04-ний өдөр эхлүүлэх үүрэг өгчээ.

Дашрамд дуулгахад, энэ хичээлийн жилд 28 сургуулийн 10 мянга орчим сурагч гурван ээлжээр хичээллэнэ. Энэ онд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 10 сургууль ашиглалтад орохоос таван сургууль есдүгээр сарын нэгнээс өмнө, үлдсэн таван сургууль 10 дугаар сарын нэгнээс 11 дүгээр сарын нэгний дотор ашиглалтад орох юм. Нийт 51 сургууль, цэцэрлэгт засварын ажил хийгдэж байгаа. Засварын ажлыг ирэх сарын нэгнээс өмнө дуусгахаар төлөвлөж байгааг албаныхан онцолж байв.

Мөн ашиглалтад орох 13 цэцэрлэгийн барилга угсралтын ажил хуваарийн дагуу явагдаж байна. Үүнээс 12 цэцэрлэг есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад орно. Харин ЧД-ийн 102 дугаар цэцэрлэгийн ажил удаашралтай байгаа бөгөөд 10 дугаар сарын нэгэнд ашиглалтад орох оор болжээ.

Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 623 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгт хамрагдалт 72 хувь байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд нийт 672 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, хамран сургалт 77.6 хувьд хүрч, өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар өсөх юм.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ