Эрдэнэдалай сумаас профессор малчин төрлөө

Орон нутагт | Дундговь
montsame_user@montsame.mn
2015-09-07 10:56:01

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан- Овоо сумын малчин Ц. Цэрэндорж Монголын Хөдөө аж ахуйн эрдэмтдийн академийн хүндэт профессор боллоо.

Энэ цол өргөмжлөлийг өнгөрөгч амралтын өдөр тус академийн дэд ерөнхийлөгч малчны хотонд  нь ирж гардуулав.

Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг өсгөн үржүүлэхэд эрдэм мэдлэг нөр их хөдөлмөрөө зориулан, залуу малчдыг мал маллах арга ухаанд олон жил сургаж мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан 4 малчинд тус академи хүндэт профессор цол олгохоор шийдвэрлэсний нэг нь Эрдэнэдалай сумын малчин Ц. Цэрэндорж юм.

Тэрээр 1954 оноос эхлэн нэгдлийн мал маллаж, өдгөө 83 нас сүүдэр хүрсэн ч мал аж ахуйн хөдөлмөрөөс хөндийрөөгүй, нутаг усныхаа залуучуудыг мал маллах уламжлалт арга ухаанд сургаж, мал аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэн аж төрөхөд нь тусалж ирсэн бөгөөд 10 гаруй  залуу гэр бүлийг малжуулсан байна. Мал аж ахуйд олон жил хөдөлмөрлөсөн түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж 1986, 1989 онд БНМАУ- ын аварга малчин цол өргөмжлөл хүртээж  байв.

Профессор гэдэг цол хэргэмийг малчин хүнд олгож байгаа нь монголын мал аж ахуй бол бие даасан шинжлэх ухаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тодорхойлсноор малчин бол мэргэжил юм гэдгийг бататгасан өндөр үнэлэмж болж байна хэмээн малчин Ц. Цэрэндорж сэтгэгдлээ  хуваалцсан юм.

Тэднийх өнөө жил Эрдэнэдалай сумын Мандалын улаан худаг хэмээх газар тарган тавтай намаржиж байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд