Улсаа улаан буудайгаар хангах үүргээ Сэлэнгэчүүд нэр төртэй гүйцэтгэнэ гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-08-30 23:00:32
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдаан ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэл, сурагчдын хичээлийн шинэ жил эхэлж байгаа зэрэг тулгамдсан чухал асуудлуудыг хурдан шуурхай шийдвэрлэх цаг үед болж буйгаараа онцлог байв.

Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд болсон Засаг даргын өргөтгөсөн хуралдаанд аймгийн 17 сум, бүх хэлтэс агентлагийн дарга нар, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо. Хуралдаанд оролцогчид 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтыг өнтэй сайхан даван гарах бэлтгэлээ хэрхэн хийж буйгаа, сум орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудаа танилцуулан, харилцан ярилцсан юм. 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах аймгийн Засаг даргын албан даалгавар өнгөрсөн зургадугаар сарын 30-ны өдөр гарсан байгаа. Энэхүү албан даалгаврын дагуу бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаагаа сумдын дарга нар мэдээлэлдээ дурдлаа.

Сэлэнгэ аймгийн сумдын хувьд зуншлага харилцан адилгүй байснаас гантай, гандуу, хэвийн гэсэн бүсүүдэд хуваагдан байна. Иймд зарим сумд хадлан тэжээлээ бэлтгэх боломжгүй болсон, ургацаа их бага хэмжээгээр алдаж байгаа, халаалт дулаан гээд хэд хэдэн тулгамдсан асуудлууд байгаагаа аймгийн удирдлагуудад танилцуулж, холбогдох тусламж дэмжлэгийг хүсч байв. Аймгийн Засаг даргын зүгээс сумдын дарга нарт нэн түрүүнд “хүнээ бодож, сэтгэлтэй, зүтгэлтэй, хариуцлагатай” ажиллахыг онцгойлон анхаарууллаа. Түүнчлэн шинэ ажлын байр нэмэгдүүлж, ажилгүйдлыг бууруулах тал дээр үр бүтээлтэй ажиллахыг ч сануулав. Ургацаа их бага хэмжээгээр алдаж байгаа ч Сэлэнгийн тариаланчид Монгол Улсыг гурилтай талхтай байлгах үүргээ нэр төртэй гүйцэтгэх болно, гүйтцэтгэсээр ч ирсэн гэдгээ хөдөө аж ахуйн салбарынхан болон сумдын удирдлагууд энэ үеэр хэлж байлаа.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ