Сингапурын Ерөнхийлөгч халаагаа өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-31 09:14:20
СИНГАПУР./TASS/. Сингапурын Ерөнхийлөгч Тони Тан-ы бүрэн эрхийн хугацаа дуусч, пүрэв гарагт албан тушаалаа албан ёсоор хүлээлгэн өгчээ. Ерөнхийлөгчийн сонгууль 9 дүгээр сарын 23-нд болох ба уг сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдөх ажээ. 

Өдгөө 77 настай улс төрч Тони Тан Сингапурын нэн шинэ түүхийн долоо дахь ерөнхийлөгч болсон ба тэрбээр хэд хэдэн нэр дэвшигч өрсөлдсөн 2011 оны сонгуульд ялалт байгуулан ерөнхийлөгч болж байжээ. 2011 оны сонгуулиас өмнө сонгууль өрсөлдөгчгүй, зөвхөн нэг нэр дэвшигчийг сонгодог байсан аж. Тони Тан Ерөнхийлөгч болохоосоо өмнө Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Улсын хөрөнгө оруулалтын корпорацийн гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байсан байна. 

Сингапурын үндсэн хуулиар ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал байдаг ба ерөнхий сайд голчлон улс орноо удирддаг байна. Төрийн тэргүүн төсвийн төсөл, Засгийн газрын томилгоонд хориг тавих, шүүхээс ял авсан гэмт хэрэгтнийг өршөөх эрхтэй байдгаас гадна улсынхаа алт валютын нөөцийг хадгалдаг байна. Засгийн газрын шийдвэрийг маргах нь ховор байдаг ба Сингапурын ерөнхийлөгчийн олон нийтийн гол үүрэг нь шүүхээс ял авсан иргэд, цаазаар авах ялтай хоригдлыг өршөөх асуудлыг авч хэлэлцэх явдал ажээ.
О.Барс 
Холбоотой мэдээ