3 сая дүрвэгч орж ирэхийг урьдчилан тооцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-06 12:41:08

БРЮССЕЛЬ. /Sputnik/. 2015-2017 онд Европын Холбооны улсууд 30 сая орчим шилжин суурьшигч хүлээн авах төлөвтэй бөгөөд энэ нь бүс нутгийн эдийн засагт бага боловч эерэг үр нөлөөтэй гэж Европын Комисс мэдэгджээ.

“Таамаглаж буй хугацаанд 3 сая орчим хүн нэмэгдэж ирэхийг тооцоолоод байна. Зарим орогнол эрэгч олон улсын хамгаалалтад орж чадахгүйг тооцон үзвэл хүн амын тоо 0.4 хувиар нэмэгдэх юм” гэж таамагт бичжээ.

“Европын Холбооны эдийн засгийн өсөлтөд дүрвэгчдийн үзүүлэх нөлөө бага ч, эерэг байх төлөвтэй” гэж Европын Холбооны эдийн засаг, санхүүгийн асуудал эрхэлсэн комиссар Пьер Московичи хэлсэн байна.

Энэ оны гурав дахь улирлын төгсгөл хүртэлх дүрвэгчдийн мэдээ болон "техникийн таамаг"-т тулгуурлан 2017 оны эцэс хүртэл орж ирэх дүрвэгчдийн таамгийг Европын Комисс гаргажээ.

Таамаглаж байснаас ихээр орж ирсэн дүрвэгчдийн Европын эдийн засагт үзүүлсэн нөлөөний эхний үнэлгээ уг таамагт багтсан байна.
2015 оны эхний 9 сарын байдлаар 710 мянга гаруй шилжин суурьшигч Европт орж ирсэн гэж Европын Холбооны хилийн “Фронтекс” агентлаг мэдэгдсэн юм.  

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ