Дэрэн суманд малын тэжээл үйлдвэрлэнэ

Орон нутагт | Дундговь
montsame_user@montsame.mn
2015-09-07 10:59:46

Дэрэн сумын нутагт тариалсан малын тэжээлийн ургамлыг өчигдрөөс хурааж эхэллээ. Хураан авсан ургацаар малын багсармал тэжээл үйлдвэрлэнэ.

Дөрвөн жил гаруй өмнө Дэрэн, Дэлгэрцогт сумын нутагт нийт 30 гаруй га талбайд орос, монголын эрдэмтэд хамтран бэлчээрийг тарималаар нөхөн сэргээх туршилт судалгааны ажлыг эхлүүлж, 40 гаруй нэр төрлийн ургамлыг амжилттай тариалж байсан юм. Төслийн эцсийн үр дүн нь тариалсан ургамлаар малын тэжээл үйлдвэрлэхэд чиглэж байсан бөгөөд үүнд зориулж  Дундговь аймаг орон нутгийн хөгжлийн сангаасаа 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тэжээлийн үйлдвэрийг цахилгааны дэд бүтцийн хамт байгуулсан байдаг.

Ургамлын тариалалт, туршилт судалгааг үргэлжлүүлж,орон нутагтаа тэжээл үйлдвэрлэх дээрхи төслийг орон нутаг бие даан үргэлжлүүлэх зорилгоор өнгөрсөн жилийн намар бэлчээрийн ургамлын тариалалт, туршилт судалгааны төвийг орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болгож, 2015 онд орон нутгийн хөгжлийн сангаас дахин 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм. Энэ хөрөнгөөр тус төв шаардагдах тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, усалгааны эх үүсвэрээ сайжруулан, 25 га- д тариалалт хийжээ.

“Энэ жил овъёос, арвай гэсэн хоёр төрлийн ургамал тариалсан. Ургалт сайн. Одоо ургацаа хурааж байна. Хэдий хэр хэмжээний ургац авахыг хараахан тодорхойлох боломжгүй байна. Хураан авсан ургацаар багсармал тэжээл үйлдвэрлэнэ” гэж “Бэлчээрийн ургамалын тариалалт, туршилт судалгааны төв” ОНӨҮГ- ын дарга М. Сосорбурам хэллээ.

Энэ намар анхны үйлдвэрлэлийг явуулж, үр дүнг тооцрж үзээд ирэх хаврын тариалалтын хэмжээг тодорхойлж, ургамалын нэр төрлийг нэмэгдүүлэх юм байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд