Мьянмарт 418 сургуулийг хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2017-09-04 17:28:37

ЯНГОН. /Xinhua/. Мьянмарын баруун хойд хэсгийн нутагт “Рохинжаг аврах арми” гэдэг нэртэй зэвсэгт бүлэглэлийн өдөөсөн үргэлжилсэн халдлагын улмаас Ракхайн мужид байрлах 3 хотын 418 сургуулийг хаахад хүрчээ.

Сургуулиудын 183 нь Маунгтау, 212 нь Бутидаун болон 23 нь Ятэдаун хотод байрладаг бөгөөд 6 дугаар сард Маунгтау мужийн сургуулиудад нийт 80 мянга гаруй сурагч бүртгүүлсэн байжээ.

8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Ракхайн мужийн нийт 30 гаруй цагдаагийн хэлтэс рүү зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 8 дугаар сарын 25-31-ны хооронд нийт 52 удаагийн террорист халдлага болсны улмаас хууль сахиулах байгууллагын 13 хүн амиа алдаж, 15 хүн хүнд гэмтэл авчээ.

Мөн түүнчлэн, террорист бүлэглэл болон хууль сахиулах байгууллага хоорондын мөргөлдөөнөөс зугтах явцдаа 14 энгийн иргэн амиа алдсан байна. Террорист бүлэглэл нь Маунгтау хотын ойр орчмын нийт 2625 гэр орон сууцыг шатаасан бөгөөд террорист бүлэглэлийн гишүүдийн 370 гаруй цогцсыг олсон байна.

Лалын шашинт рохинжачуудад Мьянмарын иргэншил олгохоос татгалзсан бөгөөд хэдийгээр тус улсад хэдэн зуун жилийн өмнөөс амьдарч байгаа боловч тэднийг хууль бус цагаачид гэж үздэг ажээ.

Х.Сарнай


Холбоотой мэдээ