Дорнод аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-06 16:32:22
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг “Өвөлд бэлэн үү?”. Энэ талаар тус аймгийн ХХААГ, Дорнод НАА, “ДБЭХС” ТӨХК зэрэг холбогдох байгууллагуудаас авсан мэдээллийг багцлан хүргэе.

Тус аймгийн төв Чойбалсан хотын хувьд бусад орон нутагтай харьцуулахад төвлөрөл ихтэй, аймгийн төвийнх нь нийт айл өрхийн тал хувь нь орон сууцанд амьдардаг онцлогтой. Түүнчлэн “ДБЭХС” ХК нь сүүлийн жилүүдэд зүүн бүсийн аймгуудаас гадна уул уурхайн томоохон компаниудыг цахилгаан эрчим хүчээр хангахын тулд бүх хүчин чадлаа шавхан ажиллаж байгаа юм.

-Өвөл хаяанд ирлээ. Чойбалсан хотын нийт айл өрхийн тал шахам хувь нь орон сууцанд амьдардаг. Халаалт дулааны бэлтгэл хэдэн хувьтай явна?
-“Дорнод Нийтийн аж ахуй” компанийн хувьд шугам сүлжээ, тоног төхөөрөмж, барилга байгууламжийг засварлах өвлийн бэлтгэл ажил одоогоор 90-ээд хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, шугам сүлжээг засварлах ажил 50 хувь, барилга байгууламжийг засварлах 85 хувь, тоног төхөөрөмжийн бэлтгэл хангах 86 хувь, бусад төрлийн ажил 100 хувьтай хангагдаад байгаа. Шугам хоолойнуудад өндөр даралтаар шахалт өгч шалгасан, хэвийн ажиллаж байна.

-“ДБЭХС” ТӨХК энэ өвөл хэдий хэрийн ачаалал үүрэх тооцоололтой байна вэ?
-“ДБЭХС” ТӨХК-ийн өнгөрсөн өвлийн дундаж ачаалал 24.3 мвт хүрч, өмнөх оноос 3.2 мвт-аар өссөн. Дээд ачаалал өвлийн дунд сард 37 мвт хүрсэн нь суурилсан хүчин чадлаас 2.8 хувиар давсан үзүүлэлт л дээ. Үүнээс харахад энэ өвөл ачаалал нэмэгдэх төлөвтэй байгаа учир бэлтгэлийг сайтар хангахаар ажиллаж, төлөвлөгөөний биелэлт 84 хувьтай үргэлжилж байна.

-Өнгөрсөн өвөл хэчнээн квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэв?
-Өвөлдөө өндөр ачаалал үүрч байгаа ч манай компани 2017 оны эхний хагас жилийн байдлаар  цахилгаан эрчим хүчний  үйлдвэрлэлээ 21,2 сая квт цагаар давуулан биелүүлж, улсын төсөвт  1 тэрбум ноогдол ашгийг төлсөн. Хоёр салбартаа 600 гаруй ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Салбарын сайдаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Мэнэнгийн 0306-р ангийг төвлөрсөн эрчим хүчинд холбох барилга угсралтын ажлыг 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгээд байна.

-Техник тоноглолын засварын явцын талаар мэдээлэл өгөөч.
-Өнөөдрийн байдлаар үндсэн болон туслах тоноглолын 23 комд их засвар оруулахаас 19 ком тоноглолыг засварлаж дуусгаад байна. Энэ онд 22 ком материал сэлбэг, тоног төхөөрөмж худалдан авахаас 19-ийг худалдан аваад байгаа.  

-Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн үргэлжилж байна вэ? Энэ өвөл Дорнод аймагт хэчнээн толгой мал өвөлжих вэ?
-Энэ онд Дорнод аймгийн хэмжээнд 2.2 сая толгой мал өвөлжинө. Хонин толгойд шилжүүлснээр 40 мянган толгой мал отроор өвөлжих боломжтой гэж үзэж байгаа. Малчид, аймаг, сумын аюулгүйн нөөцөд нийтдээ 63.1 мянган тн хадлан бэлтгэнэ. Хадлан тэжээлийн яг одоогийн нөхцөл байдал, явцтай танилцахаар аймгаас гурван ажлын хэсэг гараад ажиллаж байна. Мөн өнгөрсөн жилийн аймгийн аюулгүйн нөөцийн үлдэгдэл 277 тн өвс, 41 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 250 тн өвс, 62 тн тэжээл бий.

-Өвлийн ид хүйтрэл, хаврын хавсаргатай зэрэгцээд малын гоц халдварт өвчин гардаг. Урьдчилан сэргийлэх ажил ямархуу байгаа бол?
-Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна. 12 нэр төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад 782 мянган толгой мал хамруулах төлөвлөгөө 57 хувийн биелэлттэй байгаа. Мөн мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хоёр үе шаттайгаар хийж дуусгасан. Төл малыг цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх  дархлаажуулалтад 590 мянган толгой төл мал хамруулж, 95 хувийн гүйцэтгэлтэй дуусгаад байна.
Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ