Мексикт газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 61 болоод байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-09 08:54:21
МЕХИКО. /Reuters/. Пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө болсон 8.2 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 61 болоод байна гэж Мексикийн Засгийн газар мэдэгдлээ.

АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдэгдсэнээр, Мексикийн өмнөд эрэгт Номхон далай орчимд 8.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.

Мексикийн өмнөд нутгийн Оахака болон Чьяпас мужид газар хөдлөлт хамгийн хүчтэй мэдрэгджээ.

Гамшгийн бүс дэх байшин барилгуудын нурангинд олон хүнд дарагдаад, гарч чадахгүй байгаа байж магадгүй гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна. Аврагчид гамшгийн бүсэд 24 цагийн турш ажиллаж байгаа аж.

Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Ньето өчигдөр телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ “Энэ бол сүүлийн 100 жилийн хугацаанд манай улсад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт” гэсэн юм.

Номхон далайн цунамигаас анхааруулах төвийн мэдэгдсэнээр, тус улсын Чьяпас мужид газар хөдлөлтийн дараа 1.75 м өндөр цунами ажиглагджээ.

 
Г.Доржханд
Холбоотой мэдээ