ЮНИСЕФ: Рохинжа хүүхдүүдэд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-13 20:14:29
ЮНИСЕФ. /Шиньхуа/. Хавчлага мөрдлөг, хүчирхийллийн улмаас Мьянмараас үндэстний цөөнх болох лалын шашинт нэг мянга гаруй рохинжа хүүхэд дүрвэж, эцэг эхээсээ холдоод байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ мэдэгдсэнийг Хятадын “Шиньхуа” агентлаг уламжиллаа.

ЮНИСЕФ-ийн мэдэгдсэнээр, асран хамгаалагчгүйгээр 1128 рохинжа хүүхэд Мьянмараас Бангладешт дүрвэж очоод байна.

Мьянмарын есөн цагдааг хөнөөсөн хэрэг гарсантай холбоотойгоор рохинжа босогчдыг дарах ажиллагааг тус улсын аюулаас хамгаалах хүчнийхэн өнгөрсөн сарын 25-наас явуулж эхэлснээс хойш энгийн номхон 370 мянга гаруй рохинжа хүн Бангладеш руу дүрвээд байгаа ажээ.

ЮНИСЕФ-ээс өнөөдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Бангладеш дахь дүрвэгчдийн хуарангуудад толгой хоргодож буй хүүхдүүд сульдан тамирдаж, өлсөж үхэхийн ирмэгт ирээд байна. Мөн тэдний зарим нь Бангладешийн хилийг давахдаа бэртэж гэмтсэн аж.

Тус байгууллагын Бангладеш дахь салбарын Хүүхэд хамгаалах газрын тэргүүн Жан Либи ярихдаа “200 мянган рохинжа хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байна” гэжээ.

Түүний хэлснээр, энэ хүүхдүүдэд тусламж үзүүлэхэд одоогоор наад зах нь 7.3 сая ам.доллар хэрэгтэй байна.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ