УЗН: Йеменд булчин задрах тахлын халдвар авагсдын тоо 850 мянгаас давж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-09-14 19:51:23
САНАА./Ройтерс/. Дайны хөлд нэрвэгдээд буй Йемен улсад булчин задрах тахал буюу холерын халдвар авсан хүмүүсийн тоо оны эцэс гэхэд 850 мянгаас давж болзошгүй гэж Олон улсын УЗН мэдэгдсэнийг Их Британийн “Ройтерс” агентлаг уламжилжээ. 

Олон улсын УЗН-ээс лхагва гарагт гаргасан анхааруулгад “Хоёр жил гаруйн өмнө эхэлсэн Йемений засгийн газрын хүчнийхэн болон лалын босогчдын “Хусит” бүлэглэл хоорондын байлдаан улам ширүүсч, эрүүл ахуйн нөхцөл муудаж байгаатай холбоотойгоор энэ өвчний тархалт төсөөлж байснаас ч хурдацтай газар авч байна” гэжээ.

Халдвар авагсдын тоо оны эцэс гэхэд 600 мянгаас давж болзошгүй гэж тус нийгэмлэг өнгөрсөн долдугаар сард анхааруулж байсан юм. Лхагва гарагийн байдлаар, халдвар авагсдын тоо 650 мянгаас даваад байна.

Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус улсын эмнэлгүүдийн тал хувь нь дайн байлдааны үеэр эвдэрч нурснаар хаалгаа бариад байна. Мөн одоо үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүд нь эм тарианы хомсдолд орж, эмч ажилтнуудынхаа цалинг тавьж чадахгүйд  хүрээд  байгаа аж.

Йемен улсад урьдчилан сэргийлэх боломжтой өвчний улмаас дэлхийн эрүүл мэндийн салбар дахь орчин цагийн “хамгийн том хямрал” нүүрлээд байна гэж Олон улсын УЗН-ийн албаны хүн хэлжээ.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, Йеменд он гарснаас хойш булчин задрах тахлаар 2071 хүн нас бараад байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ