Францын Ерөнхийлөгч Парисын гэрээ, Ираны цөмийн зэвсгийн талаархи хэлэлцээрийг хамгаалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-09-20 09:52:11
ПАРИС. /Ройтерс/. Мягмар гарагт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон цаг уурын өөрчлөлтийн талаарх Парисын гэрээг хамгаалж, Ираны цөмийн зэвсгийн талаархи хэлэлцээрийг хэвээр үлдээхийг холбогдох талуудаас хүссэн байна. 
 
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхий нийтийг цочирдолд оруулж Парисийн гэрээнээс гарах тухай шийдвэр гаргаснаа зарлан үг хэлсний дараа Э.Макрон “Энэхүү Парисын гэрээний асуудлаар дахин хэлэлцээр хийхэд бэлэн биш байна, бидэнд ухрах зам үгүй” гэж хэлсэн байна.

Э.Макрон НҮБ-ын чуулган дээр анх удаагаа үг хэлж байгаа бөгөөд тэрбээр “Би АНУ-ын гаргасан шийдвэрийг бүрэн хүндэтгэж байна. Та бүхний өмнө хаалга үргэлж нээлттэй байх болно. Бид үүргээ биелүүлэх ёстой. Эх дэлхий маань бидэнтэй гэрээ хэлэлцээр хийхгүй” гэжээ.

Харин Ираны асуудлаар тэрбээр хэлэхдээ "2015 оны 7 дугаар сард Тегеран болон Англи, Хятад, Франц, Герман, Орос, АНУ гэсэн 6 орны хооронд байгуулсан хэлэлцээр нь Иран улс цөмийн зэвсэг хийхгүй гэдгээ баталсан хатуу чанга, бат бөх гэрээ байсан. Уг хэлэлцээрийг зөрчиж биелүүлэхээс татгалзах нь ноцтой алдаа бөгөөд тун хариуцлагагүй хэрэг болно” гэж онцлон тэмдэглэжээ.

Д.Трамп хэлсэн үгэндээ Ираныг шүүмжилж, Ираны цөмийн хөтөлбөрийг “АНУ-ын хувьд ичгүүр сонжуургүй зүйл” гэж хэлсэн байна.

Жил бүр зохиогддог НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн нар болон засгийн газрын төлөөлөгчид дэлхий нийтийн өнөөгийн тулгамдсан асуудлуудын талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлж байгаа билээ. 
Х.Сарнай

 

Холбоотой мэдээ