Өмнөд Африкт болсон дуудлага худалдааг эсэргүүцэн Чехийн амьтны хүрээлэнд хирсний эврийг шатаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-09-20 13:51:57

ПРАГ. /Ассошиэйтед Пресс/. Өмнөд Африкт болсон хирсний эврийн дуудлага худалдааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Чех улсын амьтны хүрээлэнд мягмар гарагт 33.5 кг жинтэй, хар зах дээр 2 сая гаруй ам.доллар хүрэх хирсний эвэрнүүдийг шатаасан байна гэж Америкийн "Ассошиэйтед Пресс" агентлаг мэдээллээ. 

"Двур Кралове" гэдэг амьтны хүрээлэн Прага хотоос зүүн хойд зүгт 110 км байрладаг бөгөөд тэнд Европ тивдээ энэ төрлийн хамгийн том бүлэг болох 19 хирс байдаг ажээ.

Эврийг шатаах үед гаалийн байгууллагын өндөр албан тушаалтнууд байлцсан бөгөөд олон арван хүн мягмар гарагт болсон уг арга хэмжээг сайшаан дэмжиж байсан байна.

Өнгөрсөн 3 дугаар сард Парисын ойролцоо байрлах байгалийн амьтны хүрээлэнд хулгайчид дайран орж хирсийг алан эврийг хулгайлсан хэрэг гарч байжээ. Үүнээс улбаалан уг амьтны хүрээлэнгийн зүгээс гэмт этгээдүүд эврийг нь зарахын тулд амьтдад халдахаас сэргийлж энэ оны эхээр зарим хирсний эврийг салгаж авсан байна. Хар зах дээр 1 кг хирсний эвэр 65 мянган ам.доллараар зарагддаг байна. Учир нь энэ эврийг хавдар, ханиад, хатгаа өвчнөөс эхлээд даралт ихсэх, шартах, бэлгийн сулрал болон бусад маш олон өвчин эмгэгийг эдгээхэд сайн гэж Азид үздэг ажээ.

Хулгайн анчдын балгаар хирсний тоо Африкт төдийгүй хаа сайгүй буурч байгаа юм.

8 дугаар сард болсон Өмнөд Африкийн дуудлага худалдааг тус амьтны хүрээлэнгийн захирал Премисл Рабас буруушаан “Худалдаа наймааг хууль ёсны болгосноороо бид амьтдыг алах явдлыг зогсоож чадахгүй. Энэ нь зөвхөн эрэлт хэрэгцээг бий болгоно гэсэн үг юм” гэж хэлсэн байна. 

Өмнөд Африк улс 1977 оноос хойш хэрэгжиж байгаа олон улсын хоригийг мөрдөж байгаа гэж мэдэгдсэн хэдий ч тус улсын шүүхээс хирсний эврийн дотоодын худалдааг нээлттэй болгох шийдвэр гаргасан байна.

Х.Сарнай 

 

 

Холбоотой мэдээ